Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес огцорсныхоо дараа Мексик рүү улс төрийн орогнол хүсч зугтсан. Түүнийг явсан ч дэмжигчид нь эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна.
Тус улсын цагдаа, цэргийн хүчнийхэн экс Ерөнхийлөгчийг дэмжигчдийг дарахын тулд хүнд зэвсэгт техник, нисдэг тэргүүд ашиглажээ. Мөргөлдөөний үеэр гурван хүн амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртсэнийг The Guardian мэдээлэв. Өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй иргэн гудамжны жагсаал тэмцэлд амиа алджээ.
Мягмар гарагт хийсэн бичлэгт Сенката хийн үйлдвэрийн ойролцоо дугуй шатааж, цэргийн зориулалттай нисдэг тэрэг эргүүл хийж байгааг харуулжээ. Аюулгүйн хүчнийхэн Ла Паз хотын ойролцоо түлш шатахуун, хийн хангамжийг тасалсан байна.
Экс Ерөнхийлөгч огцорсноос хойш эмх замбараагүй байдал газар авч, улс төрийн тогтворгүй байдал шийдэгдээгүй хэвээр байгаа юм. Моралесыг дэмжигчид ачаа тээврийн гол чиглэлүүдийг хааснаар дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчээ.
Түр хугацаанд Боливийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Женин Энез өөрийгөө зарласан болловч Моралесыг дэмжигчид түүнийг ч мөн огцрохыг шаардаж байна.
Эх сурвалж: www.theguardian.com