Австрали улсад газар аваад буй ойн түймэрт хамгийн их гарз хохирол амсаж буй амьтад бол уутат баавгай буюу коаланууд юм. Өргөн хүрээг хамарсан ойн түймэрт олон зуун коала шатаж амиа алдсан гэж эрх баригчид үзэж байна.
Уутат баавгайнууд аюул тохиолдсон гэж үзвэл модны орой дээр гарч биеэ хамгаалахыг оролддог учир модтой хамт шатаж, түймэрт өртөж амиа алдаж байна. Гал сөнөөгчид, сайн дурынхан, ард иргэд тэдгээр өхөөрдөм амьтдыг аварч туслахын тулд дор бүрнээ хичээж байгаа юм.
Шинэ Өмнөд Уэльс мужийн зам дагуу шатаж буй ойгоос түлэгдсэн уутат баавгайг олж аварсан бичлэг олон нийтэд хүрчээ. Замын хажуугаар явж байсан иргэд баавгайг шатахаас аварч Порт Маккуэрийн Коаланы эмнэлэгт хүргэж тусалсан байна.