Монгол Улсын залуу сэтгүүлчдийн II сургалт болон Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан V удаагийн сурвалжлагын ажлын хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн 17 төлөөлөгч Өвөр Монголын Багшийн их сургуулийн эрдэмтэн багш нарын сургалтанд хамрагдаж, Өвөр Монголын 10 сэтгүүлчдээс бүрдсэн баг тус орны Улаанхад хотын Архорчин нутагт хамтарсан сурвалжлага хийлээ.
Байгалиа хамгаалахтай адил соёлын өвөө өдий хүртэл хадгалж яваа Өвөрмонголын Архорчин хошуунд Монголын сэтгүүлчид анх удаа зочилсон юм. Тус хошуу нь 300 мянган хүн амтайгаас монгол туургатан 120 мянга гаруй иргэн амьдардгаас 3000 орчим айл өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг ажээ.
Архорчин хошууны Монгол хааны ордны дуу, хөгжмийн төвтэй хамгийн түрүүнд танилцав. 1984 онд Архорчин хошууны Гемпи сүмээс анх “Монгол хааны ордны дуу хөгжим”-ийн ая, дуунуудыг тэмдэглэсэн сурвалж бичгийн олдворыг олсон байна. Уг сурвалж бичигт 80 гаруй дууг таван үсэгт нотоор тэмдэглэсэн байдаг бол бие биелгээг нэрс үгсээр тэмдэглэсэн байжээ.
“Монгол хааны ордны дуу хөгжим” нь голчлон төр гүрний эзэн хаан, сайд түшмэд, ван гүнд өргөн барьдаг дуу, хөгжмүүд байсан бол Архорчин хошууны Улаанмөчирийн жүжигчид одоогоор 6 бүжиг, 3 хөгжим, 13 дууг сэргээн тоглож байна.
Эзэн хаанд зориулсан дуу хуур байсан болохоор ч тэр үү намуухан өнгө аястай байхаас гадна бүжгийн хөдөлгөөн бүр нь хүндэтгэлийн өнгө аястай байв. “Монгол хааны ордны дуу хөгжим” нь одоогоор БНХАУ-ын үндэсний зэрэглэлийн биед бус соёлын өвөөр бүртгэгдээд байгаа юм.
Манай улсад тасарсан “Хуурын үлгэр”-ийг Архорчин нутгийн ард иргэд үе дамжин дуулж иржээ. Хуурын үлгэр нь 300 гаруй жилийн өмнөөс үүссэн бөгөөд “Тууль”-иас ялгаатай нь шүлэглэнэ, хайлна, ярьдаг бөгөөд дөрвөн утастай хуураар тоглодгоороо онцлогтой ажээ.
Архорчин хошуу нь 2010-2012 онд бүх улсын хэмжээнд хуурын үлгэрийн сургалт зохион байгуулж, улсдаа ганцхан хуурын үлгэрийн соёл урлагийн музейг байгуулжээ. Тус музейн сан хөмрөгийг бүрдүүлэхийн тулд ард иргэд нь өвөг, дээдсийнхээ хэрэглэж байсан хуур, өмсөж байсан хувцас хэрэглэл зэргийг хандивласан байдаг байна.
ӨМӨЗО-ны хуурын үлгэрийн биет бус соёлын өвийн уламжлагч Архорчин хошууны алдарт хуурын үлгэрч Отгонбаяр нутагт нь ирсэн сэтгүүлч нарт зориулан “Хуурын үлгэр”-ийг сонирхуулсан юм.
Манай улсад “Хуурын үлгэр”-ийг хайлдаг Балсан, Лувсан, Самбадаш, Энхээ зэрэг хуурчид байсан бөгөөд шинжлэх ухааны академид 200 гаруй цагийн “Хуурын үлгэр” хайлсан бичлэг хадгалаастай үлджээ.
Архорчин хошууны Чавга суурингийн И Минь худалдааны захын уламжлалт хувцас урлаач Б.Шижирхүүгийн урланд зочлов.
Хөххот болон Улаанхадын музейд хатгамалтай дээл хунар дэлгээстэй байсан нь эмэгтэй хүний хувьд сонирхол татан өнгөрсөн юм. Гэтэл Б.Шижирхүүгийн урласан дээл, хунарыг хараад музейд харсан үндэсний дээл хувцаснаас ялгарах юмгүй хатгамал, оёдолтой байв.
Архорчин хошууны үндэсний хувцасны онцлог нь машин оёдолгүй байгаад бүгдийг гараараа хатгаж, оёж, хавдаг гэнэ.
Б.Шижирхүүгийн хувьд 10 жилийн өмнөөс дэлгүүрээ нээсэн бөгөөд 70 сая төгрөгийн ашиг орлого жилдээ олохоос гадна улсаас ямар ч татвар авдаггүй гэдгийг дурдаж байлаа.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд баяр ёслолын үеэр үндэсний хувцас хунараа иргэд өмсдөг болсноор захиалга ихтэй. Манай хошууны монгол сургуулиуд долоо хоногийн гурван өдөр үндэсний хувцсаа өмсдөг. Энэ нь ирээдүйн хойч үедээ үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөх, дээдлэх зэрэг ач холбогдолтой санагддаг” хэмээн дурдав.
Сэтгүүлч нарын хөтөлбөрт Архорчин хошууны монгол сургуультай танилцах гэж бичсэнийг хараад хичээл орж байгаатай танилцаад гарах биз хэмээн бодоод очтол монгол үндэсний дээл хувцсаа өмссөн багш нар бид нарыг угтан авсан юм.
Архорчин хошуунд монгол үндэстний нэг сургууль бий нь 61 жилийн түүхтэй II сургууль аж. 247 багш, 1599 сурагчтай тус сургуулийн сурагчид хичээлдээ бүгд монгол цамц өмсөнө. Сурагчдын олонх нь малчин ардын хүүхдүүд тул 1500 орчим нь дотуур байранд амьдардаг аж.
Сургуулийнхаа 61 жилийн түүхийг харуулсан жижигхэн музей нь манай сумын музейгээс илүү шилэн хорго, гэрэлтүүлэгтэй аж. Сургуулийн түүхийг харуулсан музейгээс гадна дахин хоёр ч музейгээ танилцуулсан юм.
Тус сургуулийн хувьд монгол бичиг, монгол бөх, монгол бүжиг, морин хуур, ёочин, шанз, ятга, уран зураг, сонгодог хөгжим гээд олон дугуйлантай. Иймээс сурагчдынхаа хийсэн уран бүтээлийг дэлгэсэн бүтээлийн танхимыг хүртэл байгуулжээ.
Гар урлалын дугуйлангийн сурагч Алиуа “Хөдөлмөрийн хичээлдээ дуртай. Манай дугуйлан монгол үндэсний дээл оёхыг заадаг. Өнөөдрийн хичээл дээр товч зангидаж сурсан. Би дээл оёхдоо хүнээс хэрхэн хэмжээ авах, дээлийн эмж оёхыг сурсан” хэмээв.
Малчин ардын хүүхдүүд суралцдаг болохоор сургуулийн захиргаа сурагчдынхаа гэр бүлтэй хамтран өв уламжлалын музейг байгуулжээ. Уг музейг үзмэрүүдийг сурагчдын ар гэрийнхэн хандивласан байна.
Долдугаар ангийн сурагч Энэрэл “Үндэсний эх хэл болох монголбичгийн хичээлдээ дуртай. Цаашид дөрвөн утас хуурыг сурч, үндэсний уламжлалт соёлоо таньж мэдэн түүхийн мэргэжлээр суралцах болно” хэмээн өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцсан юм.
Энгийн нэгэн хошууны дунд сургууль манай их сургуулиудаас ч илүү тохижилттой, бие тамирын том талбайтайгаас гадна үүх түүх, өв соёлоо мэдэх орчинг бүрдүүлж өгсөн байв. Хүүхэд зөвхөн сурч боловсрох үүрэгтэй бөгөөд тэрхүү орчинг томчууд бүрдүүлэх ёстой гэдгийг дэндүү сайн ухамсарласан санагдсан юм.
Архорчин хошуунд зочлоход бусад хошуу аймгаас ялгарах юмгүй ч монгол гэх үндэсний агууламж, сэтгэл, өв соёлоо тээн хадгалж үлдэх гэсэн сэтгэл ард иргэдээс болон засаг захиргааны нэгжээс мэдрэгдсэн юм.