Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хамгийн том алт, зэсний уурхай Оюу Толгойн далд уурхайн төсөл Монгол улсын ард иргэдэд илт хохиролтой, шударга бус, хууль зөрчсөн үйлдэл болсон гэдгийг “Дархан Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллага уриалж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.
Уг гомдол үндэслэлтэй учир Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд Дубай хотноо байгуулсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой захирамжуудыг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх танилцуулсан юм.
Гэвч Оюу Толгойн хөрөнгө оруулагчид болох “Turqouise Hill Resources” /TRQ/, “Rio Tinto” компаниуд шүүхийн анхан шатны дүгнэлт ор үндэслэлгүй ба хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүй хэмээн мэдэгдэл гаргасан байна.
Захиргааны шүүхийн анхан шатны дүгнэлтийг албан ёсоор бичгээр үйлдээгүй байгаа гэдгийг уг мэдэгдэлд дурдаж, TRQ компаний зүгээс Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, далд уурхайн төсөл нь Монголын ард түмэнд удаан хугацаанд өгөх үр ашгийг нэмэгдүүлсэн гэрээ болсон хэмээн нэмж мэдээлсэн байна.
Дубайн гэрээг хууль зөрчсөн гэж үзсэн “Дархан Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын гаргасан нэхэмжлэлд:
1. Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах
/Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
2. Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн
/Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг
/Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамж/ тус тус хууль бус болохыг тогтоолгохыг дурдсан байна.
Эх сурвалж: www.streetinsider.com