ЗХШ дээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын "Дубайн гэрээ"-г хүчингүй болгох шийдвэр гаргасан. Уг асуудал улс тойрсон маргаан дагуулж байна. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар бүлгийн хурал дээр маргалдаж, заамдалцахад ч хүрчээ. Бид уг асуудлаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-УИХ-ын гишүүд алив зүйлд шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ баримттай ярих ёстой. Хов живээр шийдэж болохгүй.
Бүлгийн хурал дээр асуудал хурцадсан нь "200 сая долларын хахууль авсан" гэх үгтэй нь холбоотой. Х.Болорчулуун гишүүн Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс 200 сая долларын хахууль авсан гэж ярьсан. Үүнийгээ батал гэж л би хэлсэн. Ингэж худлаа гүтгэлэг тарааж болохгүй. УИХ-ын гишүүн 200 саяын хахуулийн асуудал ярьж байгаа бол баримттай ярих ёстой. Ингэж улаан цагаан гүтгэж болохгүй.
2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээ бол Монголд өмнө нь хийгдэж байгаагүй анхны том гэрээ байсан. Дан ганц үйлдвэрийн асуудал ч биш. Одоогоор 9 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын талаас нэг төгрөг ч гаргахгүйгээр бүтээн байгуулалт хийж, хот босгосон. Одоо далд уурхайн ажил ид явагдаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр тэнд 15 мянган хүн тэнд ажиллаж байна. 95 хувь нь монголчууд. Намайг Хуульзүйн сайдаар эргэж очсоноос хойш Оюутолгойн гэрээг эргэж харах асуудал ярьж эхэлсэн.
Нэг нь Захиргааны хэрэг дээр явж байгаа гомдол. Оюутолгойд Татварын шалгалт орж акт тавигдсан асуудал зэргийг эвийн журмаар шийдүүлье гэж. Энд нь манайх хариу өгөөгүй. Ийм байдлаар 2 жил явсан. Гэтэл сая гэнэт Ч.Сайханбилэгийн ЗГ-ын шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо Оюутолгойн хөрөнгө оруулалт шууд зогсож болзошгүй нөхцөл үүслээ. Энэ талаар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Монголын гадаад хөрөнгө оруулалтыг ч авч хэлэлцсэн. Би үүнийг улаан хамгаалаад байгаадаа биш. Оюутолгойн гэрээг зогсоовол монгол улс олон улсад нэр хүндгүй болно. ОУВС, Дэлхийн банктай ч холбоо тасрах аюултай.
Хэрэв олон улсын шүүх дээр маргавал монгол ялагдана. Дааж давшгүй өрөнд орно. Тиймээс болгоомжтой хандах ёстой гэж би үзэж байгаа. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг гэнэт очоод хийсэн нь үнэн. Гэхдээ тэр гэрээгээр 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бас үнэн. Тэр үед Засгийн газарт МАН байсан нь үнэн. Хэрэв буруу хөдөлбөл 15 мянган хүний асуудал, цаашлаад Монголын эдийн засаг, нэр хүндийн асуудал хурцаар яригдана. Тийм учраас бид нухацтай авч үзэх ёстой. Засгийн газар "Рио тинто"-д гэрээгээ дахин ач үзэх талаар байн байн санал тавьж байгаа. "Рио тинто" одоо арай зөөлрөх талдаа байгаа гэж ойлгож байна. Засгийн газар гэрээг сайжруулахын тулд ямар санал тавихаа хэлэлцэж шийднэ.