Солонгосын хойгт байрлаж буй Америкийн цэрэг армийн зардлыг Вашингтон, Сөүл хамтран төлөх хэлэлцээр жил бүр шинэчлэгдэх юм. Гэвч хэлэлцээр дуусгавар болсныг хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжууллаа. CNN агентлагийн мэдээлснээр хэлэлцээр гурав дахь шатандаа явж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд зэвсэгт хүчинд зориулах зардлыг 400 хувиар нэмэхийг шаардсан нь БНСУ-ыг хэлэлцээрээс татгалзахад хүргэсэн гэж үзжээ. Трампын уг шийдвэр Сөүлийг ундууцуулаад зогсохгүй Пентагон, Бүгд Найрамдах болон Ардчилсан намын эрх баригчдын санааг ихээхэн чилээж байгаа юм.
Түүний шинээр санаачилсан 4,7 тэрбум долларын санал хэлэлцээрт орж байсан Сөүлийн төлөөлөгчдөд таалагдаагүй бололтой хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Хэлэлцээрт Вашингтоныг төлөөлсөн албан тушаалтан “Өмнөд Солонгосын талд саналыг дахин бодолцож үзэх хугацаа өгсөн ба шинэ саналууд гарч ирснээр хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Харин Өмнөд солонгосын хэлэлцээрийн багийг тэргүүлэгч Жён Юн Бо АНУ-ын тал анх тавьсан шаардлагаасаа буцаад зогсохгүй өмнө нь яригдаж байгаагүй шинэ асуудлуудыг дэвшүүлсэн хэмээн хэвлэлийн хурал дээр мэдээлсэн байна.
БНСУ жил бүр Америкийн цэргийн зардлын найман хувийг төлөхөөр гэрээнд тусгасан ч Трамп 50 хувь болгож өсгөхийг шаарджээ. АНУ-ын цэргийг Солонгосын хойгт байршуулснаар Умард Солонгосын хүч түрэмгийлсэн аюул заналхийллээс сэргийлнэ гэж үздэг.
Ерөнхийлөгч Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хэлэлцээр зогссон боловч Трамп удахгүй уулзъя гэсэн зурвасыг Пхеньянд илгээж Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтаа хойшлуулахаар болсон юм. Энэ мэдэгдлийн дараахан БНАСАУ Вашингтонтой хамтарсан холбоо харилцаа хэрэгцээгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: www.cnn.com