Франц улсын нийслэл Парис хотоос зүүн хойшоо 90 орчим км-т байдаг Виллерс Коттеретс тосгоны ойд 29 настай эмэгтэй амиа алдсан байдалтайгаар өнгөрсөн бямба гарагт олджээ. Мөрдөгчид хэргийг шалгаж эмэгтэй жирэмсэн байсныг тогтоосон ба нохойгоо дагуулан салхилж явахад нь анч ноход ирж барьсан гэж үзсэн байна.
Эмэгтэй толгой, гар, хөлөндөө хэд хэдэн удаа нохойд хазуулснаас болж цус алдан амьсгал хураасан гэж прокурор Фредерик Тринх мэдэгджээ. Зарим хазалтууд түүнийг амьсгал хураасны дараа ч ноход дайрсаар байсныг илтгэсэн байна. Эмэгтэйн тэжээдэг ноход, анч нохдын аль нь түүн рүү дайрсныг батлахын тулд нийт 93 нохойноос шинжилгээ авчээ.
Эх сурвалжууд эмэгтэй рүү дайрсан нохдын дунд өөрийнх нь тэжээвэр амьтад ч байсан байж магадгүй ба анч ноход буга агнахаар явж байсан талаар мэдээлжээ. Эмэгтэй нохойтойгоо алхаж байхдаа бусад нохойнууд дайрах гээд байгааг нөхөр рүүгээ утсаар ярьж хэлжээ. Түүнтэй хамгийн сүүлд утсаар ярьсан нөхөр нь цогцсыг олсон юм.
Амьтны эрхийг хамгаалагчид уг мэдээнд ихэд цочирдож, нохойгоор ан хийх явдлыг нэн даруй зогсоохыг шаардсан санал хүсэлтээ Францын эрх баригчдад илгээжээ. Парист төвтэй анч нохдын холбооноос эмэгтэйн үхэлд анч ноход холбоогүй гэсэн мэдээллийг өгсөн байна.
Франц улсад 30,000 гаруй анч нохой байдаг гэсэн албан бус тоо бий. Тэдгээр ноход тодорхой амьтдыг хөөх болон сургагчийн заавраар ан хийхээр бэлтгэгдсэн байдаг гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com