Германы нацист дарангуйлагч гэгддэг Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Австрийн хилийн дагуух Браунау ам Инн тосгонд төрсөн билээ. Түүний төрсөн байшинг цагдаагийн газар болгох шийдвэр гаргаснаа Австрийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Дотоод хэргийн сайд Вольфганг Песчорн уг барилга нацист үзэл суртлыг дурсан хадгалах ёсгүй гэдгийг энэ шийдвэр батлан харуулна гэжээ. Браунау ам Инн тосгон дахь байшинд Гитлер амьдралынхаа цөөн хэдэн долоо хоногийг өнгөрүүлсэн түүхтэй.
Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар барилгыг үзэхээр ирэх хэт барууны үзэл сурталтай аялал жуулчлалын урсгалыг таслан зогсоохын тулд хуучин эзнээс нь түрээслэн авч ашиглаж, хожим худалдаж авчээ.
Адольф Гитлерийг гурван настай байхад гэр бүл нь Браунау ам Инн тосгоноос нүүж байжээ. Тэрээр 1938 онд Вена хотыг зорих замдаа төрсөн тосгоноороо дайран өнгөрч байсан түүх бий.
Дэлхийд харгис хэрцгий дэглэмээрээ олон арван сая хүний амь насыг авч одсон хоёрдугаар дайны цуст он жилүүдийг түүхэнд хараар тэмдэглэсэн Гитлерийн төрсөн байшин нэгэн цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төв байсан удаатай. Барилгын эзэн Герлинде Поммер тэргэнцэртэй иргэдэд илүү тав тухтай байлгах үүднээс засвар үйлчилгээ хийсэн боловч энэ цагаас хойш дахин сэргээх, аль эсвэл худалдаж авах бүх зөвшөөрлийг Засгийн газар цуцалсан байна.
Орон сууцыг 2014 онд цагаачдын төв болгох тухай ярьсан ч мөн л дахин ямар нэг өөрчлөлт ороогүй. 2016 онд Засгийн газар барилгыг 810,000 еврогоор албадан худалдаж авсан байна.
Австричуудын хувьд Гитлерийн төрсөн орон сууцыг цаашид хэрхэх тухай саналуудаа дэвшүүлжээ. Зарим нь барилгыг ул мөргүй болтол шатааж нураах хэрэгтэй гэж үзэж байгаа бол барилгыг дахин сэргээж буяны үйл хэрэгт ашиглах нь зүйтэй гэсэн санал ч гарсан байна.
Эх сурвалж: www.bbc.com