Иран улс 80 сая гаруй хүн амтай ч тэдгээрийн дийлэнх нь буюу 60 сая орчим нь бага орлоготой, нийгмийн ядуу буурай давхаргад хамрагдаж байна гэж үзжээ. Тиймээс шатахууны үнийг 300 хувиар өсгөж, түүнээс жил тутамд олох 2,5 тэрбум ам.долларыг тэдгээр ядуу буурай 18 сая айл өрхөд дэмжлэг үзүүлэн олгох шийдвэрийг эрх баригчид гаргасан байна.
Уг мэдээллийг эсэргүүцсэн иргэд улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногоос хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд улс орон даяар интернэт хэрэглээг хязгаарлаж, Иран улс бараг бүхэлдээ цахим орчноос тасарсан тухай эх сурвалж мэдээлжээ.
Тус улсад урьд өмнө ийм өргөн хүрээтэйгээр интернэт сүлжээг тасалж байгаагүй хэмээн мэдэгдэж байна. Интернэт хязгаарлалт өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн ба даваа гарагт хэвээр үргэлжилж байгааг CNN дамжуулжээ.
Нийслэл Тегеран хотод жагсаал бослогын үеэр 1,000 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Эрх баригчдыг урьдчилан сануулж анхааруулалгүй шатахууны үнийг нэмэх болсон нь иргэдийн халаасыг сэгсэрч буйгаас ялгаагүй үйлдэл хэмээн буруутгажээ.
Ираны төрийн мэдлийн мэдээллийн агентлагуудаар 100 орчим банк, 50 гаруй дэлгүүр жагсаалын үеэр шатсан гэжээ. Улсын тагнуулын газраас жагсаалд 87,400 орчим иргэн холбогдсон тухай мэдээлжээ.
Эх сурвалж: www.thaguardian.com, www.cnn.com