Тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас улс даяар зохион байгуулсан.
Тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96,289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ.
Өндөр эрсдэлт бүлгийн 1,271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6,000 гаруй ажилчин, 6 аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн 870 гар аргаар алт олборлогч, 15 аймгийн алсын тээврийн 2,140 жолооч зэрэг нийт 20,620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 тэмбүүгийн шинэ тохиолдол, 16,000 гаруй оюутан, 1,663 орон гэргүй иргэдээс 219 тэмбүүгийн тохиолдол илрүүлэн эмчилсэн байна.
Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлжээ.
“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш 4 сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй байна.
2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38.0 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн нь Тэмбүүг устгая үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж үзэж байгаа юм.
Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байна.
Цаашид жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны 7 сарыг дуустал үргэлжлэх юм.