Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг /жил бүрийн нэгдүгээр сарын 13/ тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй болох гэж байна.
Уг тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр /2019-11-19/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
2013 оноос хойш найм дахь жилдээ болох гэж буй уг тэмцээн энэ долоо хоногоос эхлэн цувралаар эхлэх аж. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 6600 гаруй тамирчин оролцсон бол энэ жил илүү өргөн хэмжээнд болно гэж найдаж буйгаа зохион байгуулагчид хэллээ. Анхны жилийн тэмцээнд 300 шахам тамирчин оролцож байжээ.
Сүүлийн гурав дахь жилээс цар хүрээ нь улам өргөжиж, эхний гурван байрт орсон эр, эм багийн тамирчдад "Шатрын дэд мастер" цол олгодог болжээ. Эхний байруудын тамирчид /алтан медаль хүртсэн/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд байр, хоолны зардлаа даалган оролцох боломжтой болсон.
Тэмцээн 11 дүгээр сарын 23,24-нд 21 аймаг, 331 суманд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд сум дүүргийн аваргуудаа шалгаруулахаар нээлтээ хийнэ. 12 дугаар сарын 10,11-нд нийслэлийн аваргаа шалгаруулаад 2020 оны нэгдүгээр сарын 11,12-нд улсын аварга шалгаруулах тэмцээн төрийн ордонд зохион байгуулагдана.