-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталж, өчигдөр/2019.11.18/ Монгол улсын Ерөнхийлөгчид ёсчлон батлуулахаар өргөн барьсан. Харин энэ шинэ өөрчлөлт дээр олны шүүмжлэл дагуулсан, талархал хүлээсэн зүйл, заалтууд ч тусгагдсан гэж судлаач, хуульчид үзэж байна. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 22 зүйл, 33 заалтад өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль тойрсон асуудлаар МУИС-ийн багш, Хуульзүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.-
МУИС-ийн багш, Хуульзүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр:
-Энэ өөрчлөлт бүхэлдээ Парламентын засаглалыг бэхжүүлэхэд, 1992 онд тогтоож өгсөн Үндсэн хуульт ёсыг цааш авч явахад нэмэр болохуйц өөрчлөлт болсон. Гэхдээ олон дундаж сайнтай, муутай. Хэрэгжүүлээд эхлэх явцад маргаан дагуулах зүйлүүд багагүй гарах болов уу.
Сайн тал нь 2000 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн зарим нэг алдааг залруулсан. Тухайлбал, УИХ байнгын ажиллагаатай биш байсныг байнгын ажиллагаатай болголоо. 20 хүн хууль баталдаг байсныг буцаагаад олонхи буюу 39 хүнээр баталдаг болгож өөрчилсөн зэрэг олон сайн тал байна.
Болгоомжлох зүйлс ч байна. Анхны өргөн барьсан хувилбараараа ончтой байсан зарим нэг заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчилж дордуулсан, алга болгосон тохиолдол ч гарлаа. Тухайлбал, Консерватив зарчим буюу бүтээлч байдлаар Засгийн газарт хариуцлага тооцох заалт. Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн тодорхой хэсэг нь санал гаргаад огцруулж болно. Гэхдээ ерөнхий сайдаа огцрууллаа. Шинэ ерөнхий сайдын эрэлд гардаг системийг бий болгочлоо. 30 хоногийн дотор ерөнхий сайдаа томилно.
Уг нь анхныхаараа огцруулах, шинээр томилох ерөнхий сайдын нэр хамтдаа орж ирнэ. Ингэснээр ажлын хийдэл гарч, үүрэг гүйцэтгэгчийн асуудал яригдахгүй байх байсан юм. Үүрэг гүйцэтгэгч бол ажил эзэнгүйдэхийн нэр. Төрийн үйл ажиллагаа гацдаг сул талтай. Ингэснээрээ Засгийн газрыг тогтвортой байлгахаасаа илүү парламентыг тараадаг байдал руу орчихвий гэсэн болгоомжлол байна.
-Намын гишүүнчлэлийн тоог нийт сонгогчдын нэг хувьтай тэнцүү байх заалт нийгэмд багагүй маргаан дагуулсан. Энэ хэр зөв заалт болсон бэ?
-Энэ бол буруу заалт. Улс төрийн намууд бодлогын намууд байна гэдэгтэй би санал нийлнэ. Тойргийн улс төр ярьдаг, гурван хүнтэй нам байж таарахгүй. Эсвэл улс төрийн нам нэртэй нэг хүн тамгатай, тэмдэгтэй, түүнийгээ цүнхлээд явдаг, ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад сонгуулийн үеэр гэнэт гарч ирж мэдэгдэл хийдэг байж таарахгүй. Тиймээс бодлогоороо өрсөлддөг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх нь зөв. Гэтэл энэ заалт нь монголд хоёр, гуравхан том нам бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Нэгэнт парламентийн засаглал гэж ярьж байгаа бол олон намын системийг хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Гэтэл хүний тоогоор, гишүүнчлэлээр өрсөлддөг байдал руу л мүлхэж байна. Мөн жижиг намуудыг хясан боогдуулж байна.
Хэрэв холимог тогтолцоог сонгосон бол том бодлого ярьдаг, улс төр хөгжих боломжтой байсан. Гэтэл УИХ-ын нэг гишүүн дөрвөн сумаас, гурван хорооноос сонгогдоод байхаар “тойрог услах” байдал өөрчлөгдөхгүй, улс орны эдийн засаг ч хөгжих боломж хаагдана. 2000-3000 хүнтэй суманд спортын ордон барьж, тийшээ эрчим хүчний шугам тавиад яах юм бэ.
Хэдэн жилийн дараа болохгүй, бүтэхгүй зүйлээ улс төрчид нь Үндсэн хууль руугаа чихэх вий дээ гэж болгоомжилж байна. Тийм учраас одооноос болохгүй, бүтэхгүй зүйлсээ сайн ярилцаад Үндсэн хуулийг дагаж гарах хуулиудаараа зарим зүйл заалтуудыг нь залруулах, зөв жишиг тогтоох хэрэгтэй л дээ. Мэдээж төгс, төгөлдөр Үндсэн хууль гэж байхгүй. Хууль тогтоох үйл ажиллагаагаараа залруулна, шүүх нь гаргаж буй шийдвэрээрээ зөв болгож явна, Үндсэн хууль нь гаргаж буй шийдвэрээрээ зөв жишиг тогтоож явах ёстой юм.
-Стратегийн орд газруудын дийлэнх, олонхи нь төрийн, нийтийн өмч байна гэх заалт орсон. Энэ заалтыг яг яаж ойлгохоо ард түмэн төдийлөн мэдэхгүй байна л даа. Энэ ямар заалт болчихов?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт дараа, дараа нь гарах хуулиудаараа зөв тайлбарлаж гаргахгүй бол энэ заалт Монголын эдийн засгийг хумьж магадагүй, хөрөнгө оруулалтыг татрааж болзошгүй. Яагаад гэвэл, “дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байна” гэж байна. “Дийлэнх” гэдгээ яаж ойлгохоос их зүйл хамаарна. Миний ойлголтоор, олонх гэдэг бол 50+1 хувь, дийлэнх, олонх гэдэг бол гуравны хоёроос дээш хувийн тухай ойлголт. Компани дээр жишээлж үзэхэд дийлэнх, олонх нь 66 хувь байна. Тэгэхээр “66 хувь ч юм уу, гуравны хоёр нь ард түмний мэдэлд байна” гэвэл хэн монголд хөрөнгө оруулалт хийх вэ?
Тиймээс энэ үгийг зөвөөр тайдлбарлахгүй бол хөрөнгө оруулалтыг зогсоох, улс төрийг гацаах аюултай заалт болсон. Гоё үгээр асуудал шийддэггүй юм.
Би нэг гашуун жишээ хэлье. 1933 онд Адольф Гитлер Засгийн эрхэнд гараад 1934 онд “Ард түмний болон төрийн гамшигт байдлыг арилгах тухай хууль” гэгчийг батлуулсан. Герман ард түмэн алга ташиж хүлээж авсан. Сонсоход маш гоё хууль. Гэвч хуулийн доторх нь ялгаварлал, шударга бус байдлыг гааруулж сүүлдээ нацизмыг тогтосон. Сүүлдээ үндэстэн, ард түмнээ дайны хөлд чирсэн түүхтэй.
-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ажлаасаа чөлөөлөгдөх хүслэтээ өгсөн. Цэцийн даргасаа буугаад л болоо юу эсвэл бүр цэцийн гишүүнээсээ чөлөөлөгдөх ёстой юу?
-Хуулийн талаас харвал өргөдлөө өгөөд ҮХЦ-ийн даргаасаа л буух байх. Монголын хуулиар гэмт хэрэг гэж харахад хэцүү. Ёсзүйн асуудал л даа. Нөгөө талдаа цэцийн дарга хэн байхдаа гол нь бус ийм ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй байгаад байвал ҮХЦ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь үгүй болно. Тэр утгаараа тодорхой хариуцлага хүлээдэг байх нь зөв жишиг болно гэж харж байна.