ОХУ-ын Восточный сансар судлалын төв тус улсын сансар огторгуйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад бие дааж энэ салбарын хөгжлийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд аваачих томоохон төсөл юм. Гэвч сүүлийн үед уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад олон тэрбум рублийг авилгачдад алдсан хэрэг Ерөнхийлөгч Владимир Путины бухимдлыг төрүүлж байна.
11 тэрбум рублийн хулгай
Тэрээр энэ сарын 11-ний өдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр “Зуу зуун удаа шударга, ил тодоор ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсаар байгаа боловч хэрэгжүүлсэнгүй. Тэдгээр хүмүүс хэдэн зуун саяар нь хулгай хийсээр байна” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Восточный сансрын төвийн бүтээн байгуулалтын ажлаас 11 тэрбум рубль буюу 172 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт өндөр дээд албан тушаалтнууд олноороо холбогдсон байна. Оросын Холбооны мөрдөх хороо Путины сансар дахь тэмүүллийг замхруулахад хүргэж болзошгүй 12 хэргийг шалгаж байгаа тухай ВВС мэдээлжээ. Эдгээр хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдээс хамгийн олон жилийн хорих ял авсан нь 11 жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн Даль Спецстрой төрийн эзэмшлийн тусгай байгууламжийг барьдаг холбооны нэгжийн дарга байсан Юрий Хризман ажээ.
Восточныйн үүрэг
Орос улсыг сансрын судалгааны ажлаар Америк, Энэтхэг зэрэг томоохон улс орнуудыг давж гарахад түлхэц болох ёстой Восточный сансрын төв худалдааны нислэгүүд үйлдэхээс гадна удаан хугацаанд, алсыг харсан томоохон төсөл юм. ОХУ одоог хүртэл ЗХУ-ын бүрэлдэхүүн байсан Казакстаны Байконур сансрын буудлаас хиймэл дагуулууд, сансрын хөлгүүдээ хөөргөдөг тул Восточный төсөл амжилттай хэрэгжвэл хөрш орноо бараадалгүй бие дааж хөөргөдөг болох юм.
Шинээр хийж буй бүтээн байгуулалт 2016 оны дөрөвдүгээр сард анхны сансрын хөлгөө хөөргөсөн ба үүнээс хойш дөрвөн удаа хиймэл дагуул хөөргөсөн байна. Бусад томоохон хотуудаас зайдуу алс дорнодод Восточныйг байгуулсан нь пуужингийн хаягдал төвлөрсөн бүсэд унах эрсдлээс сэргийлж байгаа юм. Өмнө нь энэ газрыг зөвлөлтийн үед Свободны гэдэг байсан ба пуужин хөөргөх баазаар ашиглаж байжээ.
Сансар судлал бол үндэсний бахархал
Нөгөө талаар энэ бүс нутагт иргэдийн амьжиргааны түвшин доогуур, ядуурал их учраас хөгжүүлэх зорилготой юм. Орос улс 1961 онд Юрий Гагариныг сансарт нисгэснээр анх удаа хүн төрөлхтөн сансар огторгуйд зорчсон түүхэн үйл явдал болж үндэсний бахархлыг төрүүлсэн билээ.
Ерөнхийлөгч Путин өнгөрсөн есдүгээр сард Восточныйд зочлох үеэрээ энэ бол улс үндэстний түүхэн бүтээн байгуулалт гэдгийг онцолсон юм. Төсөлд нийт 300 тэрбум рублийн хөрөнгө оруулаад байгаа ч хэт их зардал гарснаас хойшлогдоод байгааг Риа Новости агентлагаар мэдээлжээ.
Буруутнууд
Урьдчилан төлөвлөснөөр 2015 онд Восточныйгоос анхны сансрын хөлөг хөөрөх ёстой байсан ч ажилчид өлсгөлөн зарлаж, авлигын хэргийг шалгаж эхэлснээр 2016 он болгон хойшлуулсан юм. Төслийг будлиантуулсан, замаас нь ашиг хонжоо завшсан хэрэгт 58 албан тушаалтан холбогдож, шийтгэл авчээ.
Хризман л гэхэд 5,2 тэрбум рублийг шамшигдуулсан хэргээр өнгөрсөн оны хоёрдугаар сард ял сонссон. Түүний хүү Михайль ял авсан дагалдах албан тушаалтнуудын дунд багтжээ. Түүнчлэн Даль Спецстройн ахлах нягтлан бодогч байсан Владимир Ашикмин, Хабаровск мужийн зөвлөлийн Ерөнхийлөгч байсан Виктор Чудов нар тус бур 6-7 жилийн хорих ял авсан юм.
Эх сурвалж: www.bbc.com