Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн нутагт ойн түймэр өргөн хүрээг хамарснаас мужийн нийслэл Сидней хот утаанд дарагдсан байна. Өнгөрсөн шөнийн салхи шуурга түймрийн утааг авчирсан ба өнөөдрийн байдлаар хотын агаарын чанар нэн аюултай түвшинд хүрчээ.
Хотын оршин суугчид өглөө сэрээд тэнгэрт утаат хөшиг татаж, давхарга үүсгэсэн байгааг харсан байна. Өнгөрсөн 10 дугаар сараас хойш мужийн хойд нутгаар ассан ойн түймрийн улмаас зургаан хүн амиа алджээ.
Агаарын температур цельсийн +37 хэмд хүрсэн тул эрүүл мэндийн газраас ард иргэдийг гэрээсээ гаралгүй байж, хэт ачаалалтай ажиллахгүй байхыг хүссэн байна.
Утааг Сидней хотоос 150 км-т байрладаг Воллеми үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирсэн гэж эрх баригчид үзсэн байна. Энд 150,000 га талбай түймэрт автжээ. Сиднейн хойд хэсэгт хүн ам оршин суудаг нутагт түймэр ассаар байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com