“Чингис хаан” одонг энэ жил “The HU” хамтлагт олгохоор болсноо өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан. “The HU” хамтлагийн продюссер, гавьяат жүжигчин Б.Дашдондогийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж ярилцлаа
Р.ОЮУН
-Та Монголын хамтлаг дэлхийд гардаг гэдгийг харууллаа. “The Hu”-гийнхнийг хэрхэн олж харж, энэ их авьяасыг яаж бүрдүүлж чадав гэдэг сонин байна. Эндээс яриагаа эхэлье?
-Ер нь судалгаа. Монгол туургатан орнууд дотор байгаа үндэсний рок чиглэлээр тоглож байгаа, дэлхийд гарсан, гараагүй бүх хамтлагийг сонсож, судалсан. Энэ судалгаан дээрээ үндэслээд түүхийнхээ судалгаа руу бас орох хэрэгтэй. Түүх судлах чинь маш чухал юм байна. Бид өнгөцхөн, чихэнд ойрхон байдаг зүйлийг сонсоод болж байна гэж ойлгодог. Дэлхийн соёл, урлагийг Монголд сурталчлах ажлыг бидний хэсэг нөхөд хэсэг хугацаанд сайн хийжээ. Гэхдээ эндээс сурсан юм их бий. Олон зүйлийг ойлгож, мэдэрч авсан. Одоо үүнийгээ эргүүлээд түүх буюу монгол урлаг, хэв маягаа илүү шингээн баяжуулж гаргаж ирэх нь чухал. Сая бид нэг шат ахилаа. Яагаад түүх гэж их яриад байгаа юм. Манайхны зарим залуус түүх гэж юу юм бэ, дандаа Чингис гэж ярьж байх юм. Ямар учиртай юм бэ, урагшаа харж алх л даа гэж янз бүрийн юм бичдэг. Үгүй тийм зүйл байхгүй.
Түүх байхгүйгээр бид цаашаа явахгүй. Бидний ганц ялгарах юм бол үндэсний хэв маяг, шинж болохоос европ хэв маягаар хэдэн арван жил яваад болохгүй гэдгийг ойлгочихлоо. Монгол хувцас ямар зөв хийцтэй, амьдралд ойрхон сайн хувцаснууд байсан юм бэ. Энгийн дээл яриад байгаа болохоос биш өвөг дээдэс маань хаадууд байсан. Тэд загвар, дизайныг гаргаж байсан байна. Үүнийг судлаад харвал их зүйлийг олж авах боломж байгаа. Тэрийгээ орчин үеийн хэлбэртэй уяж гаргаж ирснээр сая юм сайхан болж байна. Түүхээ судлах тусам гоё санаа, янз бүрийн хэлбэр дүрс нүдэнд харагдах, монгол хээ угалз, монгол хувцаснаас цааш нь баяжуулаад орчин үеийн хэлбэрт яаж оруулж ирвэл илүү гоё болох вэ гэдэг дээр монголчууд ажиллах хэрэгтэй. Ажиллаж чадахгүй бол чаддаг хүмүүсээсээ зөвлөгөө ав, цааш нь сийрүүл, өөрийгөө боловсруул. Харж чаддаг болтлоо өөрийнхөө оюун санаа сэтгэлгээгээрээ баяжуулаад хийх л хэрэгтэй.
-Та судалгаа хийх ёстой гэж байна. Судалгаа хийж байхад монгол авьяас, монгол хүний ур чадвар, онцлог ямар байв?
-Рок, цахилгаан хөгжмийн талаасаа жаахан дутагдалтай. Манай тогтолцоо нь их буруу байна. Яагаад хөгжимчдийн ур чадвар сайжрахгүй байна гэхээр хурим, бааранд очиж дуулж амьдарч байгаа юм. Ийм байдлаар ажил хийхээр хүн цаашаа хөгждөггүй юм байна. Урлагийн зах зээл маань гадаад руу олон салбараар нэлээн өргөн хүрээтэй, давалгаа сайтай ажиллаад эхэллээ. Тэгвэл биднийг өөрөөр харж эхэлнэ. Хүн чинь дэлхийн хэмжээнд бэлдэхгүй бол болохгүй юм байна гээд бэлтгэж эхэлдэг. Уг нь авьяас байгаа ч хөгжүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс байгаадаа тааруулаад л тоглож байгаа юм.
-“The Hu” хамтлагт ямар менежмент хийснээр дэлхийд гарч ирэв?
-Менежмент хийгээд алаад хаясан юм байхгүй. Өмнө нь дэлхийд сонсогдож байгаагүй, байхгүй юм л гарч ирсэн болохоор хүссэн, хүсээгүй анхаарлыг нь татаж байгаа юм. Бид өөрсдөө тэрэнд нь тултал юмыг хийхийг хэрэгтэй. Глобалчлагдсан дэлхийд байгаа олон орны хүмүүс бие биенийхээ юмыг үзэж хараад, сонсоод ханачихсан. Зарим нь эхнээсээ устаад, байхгүй болоод мөхөл рүүгээ явж байна. Гэтэл энэ цоо шинэ соргог учраас хүмүүс хүлээн авч байгаа юм. Үүнд маркетинг байхгүй, зүгээр яаж хийснээс бүх зүйл шалтгаалж байгаа. Зөв зохион байгуулаад, зөв уран бүтээлийг зөв чиглэл бодлого гаргаад тавьчихад хүссэн хүсээгүй эвэртэй туулай харсан юм шиг л анзаарч эхэлнэ.
-Хамтлагийн хөгжмийн зэмсгийн хувьд ч шинэлэг байсан. Яаж сонгосон юм бэ?
-Хуучин хэв маягийн хуур хөгжмүүдийг шинэ түвшинд гаргаж ирье гэсэн бодол байсан. Надад харагддаг байсан. Би морин хууртай залуучуудын бичлэгийг олон удаа хийж байсан. Бүгд нэгэн хэвийн, өнгө нь өөр ч морин хуур бариад орж ирнэ. Европын хийл ийм байх ёстой гэдгээр төсөөлсөн юм уу яасан юм. Миний харж байгаагаар морины толгой яагаад эзэн рүүгээ харсан, амаа булааж давхидаг морь шиг, гитар шиг орчин үеийн хэлбэр дүрс, зурагтай байж болдоггүй юм бэ. Хүүхдүүд яагаад Солонгос, Америкийг сонирхоод байна. Яагаад гээд асуусан чинь миний бодсноор хамгийн түрүүнд хүүхдийн нүд л ажилладаг. Тухайлбал, гоё өнгөтэй цамц байвал хамгийн түрүүнд нүд нь л ажиллана. Тэгээд л тэр рүүгээ хошуурчихдаг. Мөн янз бүрийн өнгөтэй хувцас өмссөн, үнэтэй машин унаад зурагаа авахуулсан залуучууд руу л хошуурдаг.
Үнэндээ тэрний ард ямар зовлон, ямар хэцүү хөдөлмөр, яаж зовж байж энэ юмыг олж авсан бэ гэдгийг хардаггүй. Үүнийг Монголд байгаа сэтгэлгээгээр ярьж байна. Манайхан өлсч үзээгүй ард түмэн болохоор зовлон мэдэхгүй. Гэтэл гадныхан өлсөж, ядарч үзсэн учраас би өлсөхгүй, ядрахгүй юм шүү гэж хичээснээр юманд хүрч байна. Үүнтэй ижилхэн бид энэ хуураа хийж чадахгүй юм бол сонирхохгүй. Ёстой аав ээжийнхээ шаардсанаар морин хуурч, үндэсний хөгжимчин бол гэснээр орж байгаа болохоос үнэндээ дурлачих юм нэг ширхэг ч алга. Одоо үндэсний хувцсыг савхиар нэвсийлгэж гоё болгоод сонин загвартай гутлыг нь орчин үеийн нээтгэр хэлбэр оруулаад оёж гаргаад морин хуур, дуу нь ийм гоё болоод гарч ирэхээр залуучууд энэ юу болов гэж байна. Ямар гоё юм бэ, би морин хуур, цуур, товшуур тоглож сурмаар байна. Энэ чинь өөрөө л хүүхдүүдийг татах арга шүү дээ. Хүүхдүүд янз бүрийн хэлбэртэй товшуур, хуур хийлгээд өөрөө гоё зураг зураад цахилгаан болгон уу яана уу өөрсдөө баяжуулаад хөгжүүлэх л ёстой. Зөвхөн үндэсний гэж ярих хэрэггүй, үндэсний чиглэл бариад явах хүмүүс нь бариад хуучин уламжлалаар нь аваад үлдэх хэрэгтэй.
-Салбар бүрт төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг. Үүний нэг нь соёл, урлагийн салбар гэж байнга ярьдаг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Солонгосын “BTS” хамтлаг дэлхийд алдартай. Энэ хамтлаггүй улс гэж алга. Ая тавиад тайзан дээр бүжиглэдэг хэдэн залуус дэлхийд алаад байна шүү дээ. Яаж хийсэн бэ гээд судлаад үзэхээр улс нь тэдэнд 4-5 тэрбум ам.долларыг бодлогоор зарцуулсан байдаг. Энэ хамтлагийг гаргаад тавьчихвал хамгийн түрүүнд Солонгос улсын нэр мандана. Хүн бүр энэ улсыг мэддэг болно гээд олон давуу тал байна. Үүний араас Самсунг, Хьюндай, усан онгоц, аялал жуулчлалаа хөгжүүлнэ, кимчи, хүн орхоодойгоо ихээр зарна гэж тооцсон учраас энэ их мөнгийг зарцуулсан. Гэтэл манайд ингэж тооцсон юм алга. Харин ч өөрсдөө бор зүрхээрээ явж байна. Одоо ийм байгаа дээр нь дэмжих ажил маш чухал, эмзэг байгаа. Та нар манай хамтлаг дэлхийд гарсан гэж битгий хараарай. Гараагүй, гарах гээд дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна. Тиймээс дэлхийд гарсан, мөнгө олоод саятан болж байгаа гэж хүмүүс буруу ойлгоод байна. Одоо дөрөөн дээрээ гарах гээд зүтгэж байна. Харин одоо яах ёстой вэ гэхээр бодлогоор хувцас дээр нь дизайнерүүдээ нэгтгэж байгаад надтай уулзуулаад загваруудыг нь гаргаж өмсүүлээд Монголоо сурталчлах том ажил гэж ойлгоод хийх хэрэгтэй. Үүгээр Монголынхоо нүүр царайг хийгээд мөнгө, эдлэл, ноолуураар гоё загвар гаргаад улс бодлогоор дэмжих нь чухал. Цааш нь илүү олон оронд хүргэх талаас нь бодлогоор мөнгө хаяад улам өргөн болговол үүнийг дагаад Монголд олон жуулчин ирнэ шүү дээ.
-“The Hu” хамтлагийн дараагийн шат юу байх вэ?
-Хамтлаг маань гадны том интертайнмент компанитай таван жилийн хугацаатай, таван альбом хийх гэрээтэй ажиллаж байгаа. Гадныхан цаг бол алт гэдгийг утгаар нь ойлгуулж байна. Эхний альбомоо хийгээд зарж эхлээгүй байхад дараагийн альбомыг юу болсон бэ, сонсох юм байна уу гээд нэхэж эхэллээ. Харин би энд тааваараа сууж байгаад нэг юм хийчихээд за одоо болчихлоо гээд амарч байхад тэд махны машин шиг ажиллаж байна.
-Түрүүн та тогтолцоо гэж ярьж байгаад орхичихлоо. Манай тогтолцооны гажуудал яг юундаа байна вэ. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Манай Соёлын яам тусдаа байх ёстой юм. Соёл бол хамгийн эхний фронт шүү. Соёл өндөр хөгжиж байж улс, эдийн засаг нь хөгждөг. Соёл дээрээ 10, 20, 100 тэрбум ам.доллар байна уу гэдгийг бодлоготой тавих ёстой. Энэ бол Солонгос улсын зарчим бол 2-3 жилийн өмнөөс үндэсний урлагаа хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулаад оролцох сонирхолтой хүн бүрийн төслийг нь дэмжээд бага багаар мөнгийг нь өгөхөөр нөгөөдүүл нь юм хийгээд гэрээний дагуу Солонгос улсыг сурталчлах ёстой гэдэг шиг Монгол Улсаа рекламдах ёстой. Энэ олон юмнаас нэг нь цойлоод гарч ирэхээр нь шүүрч аваад энэ дээр 10 тэрбум төгрөг тавиад үүнийг цааш нь баяжуулъя гэдэг. Түүнээс биш хоёр тэрбумыг 400, 500 төсөлд нэг, гурав, тав, 10 сая төгрөг гээд хуваарилж байна. Энэ хэрэггүй, эхлээд сул тавиад зарлачих. Тэд юмаа хийгээд хүмүүст танигдаад, гадныхны нүд нь сортос хийгээд ирэхээр нь дэмжих хэрэгтэй.
-Урлаг, соёлын газар фронт байх ёстой гэдэг ч олон нийтэд ойлгуулах ажил дутмаг байдаг шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Урлагийг хамаагүй сул тавих нь хортой. Социализмын үед яагаад Урлагийн зөвлөл гэж байв. Дуу гарахад яагаад шүлэг, аяыг нь хянадаг байсан юм бэ гэхээр ижил болчих вий гэж хянадаг байсан юм. Хоёрдугаарт, үгний утга, агуулга нь ард түмний оюун санаанд хор хөнөөлтэй зүйл байна уу гэж хянадаг байсан. Тиймээс тэр үеийн уран бүтээлүүд өнөөг хүртэл урт настай, аялахад сайхан байдаг. Тийм чанартай урлагууд гардаг байлаа. Одоо хэн дуртай нь дуу зохиож байна. Энэ урлаг биш. Бөхийн өргөөнд нэг нь уран бүтээл хийхээр ард нь 7-8 дуучин ирж дэмждэг. Нөгөөх нь бүтээлтэй юм уу гэхээр юу ч байхгүй, 2-3-хан дуутай бусад дууг нь найзууд нь дуулж өгөөд нэг нь мөнгө олдог.
Дараа нь нөгөөх дээрээ очиж мөнгө ололцож өгдөг ийм л систем тогтсон байна. Мөн тайзан дээр оюун санааны хувьд их мэдлэг боловсролтой хүмүүс гарч хүний өмнө юм ярьдаг. Үнэндээ тайзан дээр Ж.Бадар-Ууган ах, Монголын дээр үеийн атаманууд гардаг байхад жинхэнэ оюун санааг чинь хөгжүүлж дээшээ авч явдаг байсан. Тиймээс тайзан дээр гарахад шүүлтүүртэй байх ёстой. Ард түмнийг бохирдуулаад дууслаа. Үүнийгээ чөлөөт зах зээл гэж байна. Бараа таваар дээр чөлөөт зах зээл байж болдог ч урлагт байж болохгүй. Урлагийг заавал урлагийн байгууллагад 10, 15 жил давтагдаж нүдэгдээд болсон хүнд тайзан дээр гарч дуулах эрхийг нь өгөх ёстой. Урлагийн үнэ цэнэ гэж байгаа. Гэтэл ард түмэн бохирлогдоод Дашдондог эсвэл тэнд дуулж байгаа Дулмаа нь сайн юм уу гэдгийг мэдэхээ байчихсан. Шүүлтүүрээр орохоор юм жаахан ховор болж эхэлдэг. Ховор болоод ирэхээр хүмүүс гол юман дээрээ анхаардаг.
-Монгол бахархлын өдрийг та юу гэж ойлгож, хүлээж авдаг вэ?
-Монгол бахархлын өдөр гэж тусгайлан авч хэлээд байгаа нь сонин л байна. Нэг өдөр бахархаад бусад өдөр нь бахархахгүй бай гэсэн үг шүү дээ. Энэ утгагүй. Хүн өдөр бүр Монгол Улс, аав ээж, өвөг дээдсээрээ бахархаж амьдарч байх ёстой. Харин өвөг дээдсээрээ ярьвал Чингис хааны төрсөн өдөр үнэ хүндтэй. Түүнээс амраад, идэж уугаад өнгөрөх өдөр баймааргүй байгаа юм. Оюун санаагаа задалсан, түүх рүүгээ шимтэж орсон, судалгаанууд нь баяжсан өдөр байх ёстой. Манай түүхчид чинь бие биенийгээ үздэггүй юм байна. Үүний оронд нэгдээд тал талынхаа юмнуудыг нийлүүлж үүдлүүдээ гаргаж ирээд олуулаа л байх ёстой юм. Манайд хамтын ажиллагаа, команд гэж байхгүй. Манай хамгийн доод талын нэгж бол Чингис хааны үед Аравт л байсан. Яагаад гэвэл 1000 хүн жагсааж байгаад хоолойгоо сөөтөл юм ярихад ойлгох нь ойлгоно, ойлгохгүй нь ойлгохгүй. 1000 хүнээс 10 даргыг оруулж ирээд ойлгуулахад амархан ойлгоно. Үүнийг өөрийнхөө Зуутуудад тараагаад ярихаар арай өөр. 100 хүнээс доошоо Аравт руугаа очоод ярихад бүр ойлгомжтой. Энэ систем зөв байхгүй юу.
Гэтэл өнөөдөр ийм систем алга. Монголчуудын мэдлэг, боловсрол яасан ч мундаг болсон юм. Муулахаа л түрүүндээ барина. Манайхан морин хууран дээрээ хас тэмдэг хийсэн чинь орос хүн “Наадуул чинь Монголын нацистууд” гэж хэлсэн байна лээ. Ингэж бие биеэ хорлож амьдраад хэрэг байна уу. Эвлэлдэн нэгдэх, нэг бодлого, чиглэлтэй байя гэдэг чинь дээрээсээ л байгаа юм. Монголчуудад нэг л чанга гар, чанга хууль хэрэгтэй, монголчууд тийм амар хүмүүс биш. Яагаад гэхээр ноён цус байдаг. Бүгд дарга болох гээд үзээд байдаг. Муу ажил хийхийг хүсдэггүй, дандаа сайн ажил хийхийг хүсдэг. Ерөөсөө ноён зан нь давамгайлдаг.
-“The Hu” хамтлагийг дэлхийд гаргахын тулд нэлээд урт замыг туулна гэдгийг таны ярианаас ойлголоо. Таны урлагт зүтгэж байгаа амбиц юу юм бэ?
-Монголд анх “Сонор” гэдэг олон замаар бичдэг студийг байгуулсан. Энэ студи байгуулагдсанаар монгол хамтлагууд өөрийн гэсэн уран бүтээлтэй болж CD бичүүлж, тоглолт хийдэг болсон. Монголд радиогийн хальсан дээр бичдэг хоёрхон замын магнитафон л байсан. Эндээс олон хамтлаг, дуучид гарч ирсэн нь давуу тал. Мөн дуулах урлагийг өндөр түвшинд суралцсан нь том зүйл. Дараа нь “Дашка студи”-ийг Монголын хамгийн анхны дижитал студи гэж оруулж ирсэн. Миний амбицлаад байгаа юм энэ. Үүнээс хойш яг энэ тоног төхөөрөмжийг дуурайлгаж хоёр студи орж ирсэн байгаа. Энэ хугацаанд би 370 CD бичсэн байна. Нэг, хоёроор нь бичсэн дууг оруулахгүйгээр шүү дээ. Дээрээс нь “Натур саунд төв” гэж дуулаачийн курсийг байгуулсан. Энэ курс маань 35 дахь төгсөлтөө хийж байна. Нийт 1000-аад шавьтай болсон байна.
Монголын рок попын залуу үеийн 80 хувь нь миний шавь бий. Энэ амбиц мөн үү. Үүний араас “The Hu” хамтлагийг гаргаж ирлээ, дэлхийд гарчихлаа. Дэлхийн рокийг Англи, АНУ тодорхойлдог. Энэ хоёр том гүрэнд бид өөрсдийнхөө хийсэн уран бүтээлийг толилуулаад өндөр хэмжээнд үнэлэлт авч чадвал дэлхийд гарчихлаа л гэсэн үг. Англи өнгөрсөн зургадугаар сараас Европын тур дээр Англид хамгийн их тоглолт нь байсан. Зарим оронд 1-2 удаа тоглоод явсан. АНУ-д дангаараа 65 тоглолт байна. Ирэх нэгдүгээр сараас Европын тур эхлэхэд 20 гаруй тоглолтын 10 хэд нь Англид дангаараа байна. Англи, АНУ, Австрали, Канад өндөр хэмжээнд хүлээн авч байгаа.
-Хүннү рок гэдгээрээ илүү байна уу?
-Хүннү рок гэсэн урсгал байвал зүгээр юм гэж бодож байгаа. Өөрийн гэсэн хөг, тоглох арга барилтай, дуулах хэв маяг, дуугаралтын темпртэй болж ирэхээр урсгал болохоос өөр аргагүй болж байгаа юм. Одоохонд урсгалыг хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, цаг хугацаа хэрэгтэй. Хүннү рок урсгалаар тоглодог дэлхийн хамтлагуудын тоо ихсэх тусам энэ урсгал хүлээн зөвшөөрөгдөнө. Одоохондоо Хүннү рокоор тоглож байгаа хамгийн анхны хамтлаг “The Hu”.
-Та энэ хөгжмийн зэмсгийг хийлгэхдээ, залуучуудыг бэлтгэж байхдаа өнөөдрийн энэ тэсрэлтийг төсөөлж байв уу?
-Төсөөлөөгүй. Гэхдээ дотор нууцхан бодол бий. Яагаад гэхээр би дотроо нэг юм харсан байгаагаа тэдэнд хэлээгүй ч дотроо нэг юм харсан. Тавиад үзлээ тэр нь газар авсан, тэгээд миний харсан зүйл зөв боллоо гэдэгт өөртөө итгэлтэй болсон. Одоо жаргалтай байхаасаа илүү шаналал орж ирдэг юм байна. Дараагийнхаа уран бүтээлийг яаж хийх вэ, яаж илүү супер болгох вэ, яаж илүү хөгжүүлэх вэ, яаж өвгөдийнхөө, Монголын түүхээс илүү гоё юмнуудыг дэлхийд олноор танилцуулах вэ гэдэг талаас нь харж байна. Тэгэхээр дахин илүү ажиллах үүрэг, хариуцлага нэмэгдэж байна. Өмнө хийж байснаасаа илүү хариуцлагатай, махны машин шиг ажиллах хэрэгтэй болчихлоо.
-Бусад урлагийнхан маань “The Hu” шиг олон улсад гарахад юу саад болж байна вэ?
-Яг гарчих цаг нь биш. Тухайлбал, Алтан ураг хамтлаг гараад дэлхийд нэлээд хүчийг аваад том кинонуудад хөгжмийг нь хийгээд алдартай явж байхад борооны дараах мөөг шиг олон хамтлаг гарч ирснээр Алтан ургийг шороотой хутгаад хаячихсан. Түүнээс энэ хамтлагаас бид юугаараа ялгарах вэ, яаж хийвэл илүү содон гоё болох вэ гэдгээ бодоогүй. Хэрэв “The Hu” дээр гарч ирвэл ийм л юм болно. Тиймээс одоохондоо зөвшөөрөхгүй, тийм амархан зүйл биш. “The Hu” гараад эмээл дээрээ гараад суучих. Одоо бүр хүлээн зөвшөөрөгдчихлөө. Үүний дараа бол болно. Энд хугацаа хэрэгтэй. Юманд яараад хэрэггүй, байгаа нэгийгээ тордох хэрэгтэй. Олон байснаараа сайн юм гэж байхгүй. Гарсан байгаа нэгийгээ сайн тордоод явах юм. Оюуны өмч, бодлогын талаасаа ч тэр бид юмыг бодох хэрэгтэй. Түүнээс “The Hu” нэрийг ашиглаад мөнгө олчихье гэсэн сонирхолтой хүн их байна. Тухайлбал, “The Hu” гэсэн амралтын газар байгуулъя, ундаа хийе л гэнэ. Үүнд учир бий, сайн бодох хэрэгтэй.
-Сүүлийн үед оюуны өмчийн талаар их ярьж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Оюуны өмч үнэндээ тэг түвшинд, хэрэгжихгүй байгаа нь аюултай. Монголчууд нэг сайн юм гарч ирэхээр юм болгон дээр аваачиж хямдхан үнээр дуулуулах гээд байдаг. Манай хурим дээр ирээд дуулаад өгөөч нэг сая төгрөг өгье, нээлтийн арга хэмжээн дээр дуулаад өг, мөнгө байхгүй, чиний нэр хүндэд чинь хэрэгтэй шүү гээд шороотой хутгачихдаг. Нөгөөх нь ингэж доошоо явсаар байгаад уран бүтээлээ хийх мөнгө, нэр хүнд байхгүй болохоор хаячихаад тараад явчихдаг аюултай. Тиймээс би “The Hu” хамтлагийг тоглуулъя гэсэн санал ирэхэд нэгэнд нь ч “За” гэж хэлээгүй. Уучлаарай тийм юм байхгүй гэдэг. Монголд ирэхээрээ тоглох уу гэж асуудаг. Нэгдүгээрт, үнэлж сурах хэрэгтэй. Хуримын арга хэмжээн дээр “The Hu” хамтлагийн дуу үүдэн дээр нь эгшиглэхэд, нэг реклам дээр 10 секунд авч ашигласан ч мөнгө төлөх ёстой. Энэ оюуны өмч. Тиймээс оюуны өмчийг үнэтэй байлгах ёстой.