Хуульчийн тангараг өргөх ёслол дээр хүүтэйгээ ирсэн оюутны хүүг шүүгч тангараг өргөж дуусах хүртэл нь тэвэрч асран ээжийнх нь тангарагийг өргүүлжээ
Энэ үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт болжээ. Жулиана Ламар гэх 27 настай бүсгүй Тэннэссигийн Нашвиллэ дэх Дээд шүүхийн шүүгч болох тангараг өргөх ёслолд хүүтэйгээ хамт ирсэн аж. Түүний гэр бүлийнхэн уг арга хэмжээнд хамт ирсэн хэдий ч шүүгч Ричард Динкинс олны дундаас бяцхан хүүг хараад ээжийнхээ тангараг өргөх ёслолын ажиллагаанд хамтдаа оролцохыг урьсан аж.
Хүү нэг настай бөгөөд Бэкхам нэртэй. Түүний ээжийн амьдралын гурван том зорилго нь сайн эхнэр, сайн ээж, мөн сайн хуульч болох гэнэ.
"Тангараг өргөх ёслол эхлэх гэж байхад шүүгч олны дундаас Бэкхамийг тэврээд “Тэр чамтай цуг тангараг өргөх ёслолд оролцох хэрэгтэй” гэж хэлсэн. Би үнэхээр балмагдсан. Хүү маань намайг тангараг өргөж байхад тангарагийн шүүгчийн өвөр дээр огт уйлаагүй" гэж шинэхэн хуульч Жулиана CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Энэ мөчийг хүртэл...
Жулиана CNN-д өгсөн ярилцлагадаа мөн "Белмонтийн их сургуулийн хуулийн тэнхимд сурч байхдаа би жирэмсэн болсон. Үнэхээр их санаа зовж байсан. Хичээлдээ суухын зэрэгцээ энэ бүгдийг хэрхэн даван туулах вэ, мөн хүүхдээ төрүүлэх үеэр шалгалтаа өгч чадахгүй бол яах вэ, олон хичээлээс хоцрох вий дээ гэх мэтчилэн маш олон зүйлд санаа зовдог байлаа. Хуулийн сургуульд сурна гэдэг бол хүн болгоны хувьд өндөр шалгуур шүү дээ" гэж ярьжээ.
Жулиана 2018 оны аравдугаар сард хүүгээ төрүүлжээ. Төрснийхөө дараа ч тэрээр хичээлдээ явсаар байсан ч зорилгодоо хүрэх хамгийн сүүлийн алхам нь тангараг өргөөд хуульчийн эрхээ авах цаг үе байжээ.
“Хүү маань миний хувьд хамгийн чухал хүн. Би түүнийхээ төлөө бүгдийг хийнэ. Мөн миний амьдралын хамгийн чухал зорилтын нэг болох хуульчийн тангарагаа өргөх агшинд ч хүү минь надтай цуг байсныг бодохоор маш их сэтгэл хөдөлсөн. Миний энэхүү бяцхан түүх бусад залуу эхчүүд болон залуу эмэгтэйчүүдэд гайхмаар санагдаж магадгүй. Гэхдээ биелүүлэхэд хэцүү юм шиг санагдаж болох ч боломжгүй зүйл гэж байхгүй шүү” гэж тэрээр хэлжээ.