Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгч нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн “Холер” өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 төлөөлөгч эх орондоо ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Бид энэ талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай албаны дарга Нарангэрэлээс тодруулахад, 19 иргэнийн хувьд холер өвчин туссан иргэнтэй хамт хуралд оролцохоос гадна өвчлөлттэй бүсээс ирсэн тул иргэдийн эрүүл мэндэд анхаарч ХӨСҮТ-д тусгаарлан биеийн байдлыг ажигласан.
Эхний байдлаар шинжилгээ хийхэд сөрөг буюу эрүүл гэж гарсан.
Кени улсаас ирэхдээ дээрх 19 иргэний хувьд холер өвчний шинж тэмдэг илрээгүй. Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажиглалт хийгээд байж байна. Холбогдох дүрэм журмын дагуу 72 цаг ажиглах ёстой. Дээрх иргэдэд ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй, дархлаа сэргээх, гэдэсний бүлгийн витамин эмчилгээ хийж байна.
Манай улсад холер өвчин гардаггүй. Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд 1996 онд БНХАУ-аас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлоос болж хүнд халдан 178 хүн өвчилж, 12 хүн нас барсан байдаг. Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож байсан. Кени улсаас иргэдийг хөл хорионд оруулаагүй зөвхөн тусгаарлан урьдчилан сэргийлэх нийтийн арга хэмжээ авч ажиллаж байна.
-Өвчилсөн нэг иргэний биеийн байдал ямар байгаа вэ?
-Холер өвчин маш хурц хэлбэрээр илрээд 3-5 хоногийн дотор антибиотик эмчилгээгээр эдгэрдэг. Манай өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарна гэсэн мэдээлэлтэй байгаа. Тухайн эмэгтэй тус улсаас ирэхдээ тухайн өвчтөн маань лаборотарийн гурван удаагийн шинжилгээгээр үүсгэгч нян байхгүй гэсэн бичигтэй ирэх ёстой. ЭМЯ-наас тухайн иргэнийг ирсэн үед сэргийлэх арга хэмжээ авна. Иргэдийн хувьд гаднын оронд зорчихдоо эрүүл баталгаатай хоол хүнс хэрэглэх, гарын ариун цэвэр сахих, түүхий ус уухгүй байхыг анхааруулж байна.