СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.МЯГМАРБАЯР

2007 онд хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал,  хэвлэлийн үйлчилгээний чиглэлээр “МБДА” гэдэг компанийг М гэдэг бүсгүй байгуулжээ. Нэг л чиглэлээр бизнесээ эхлүүлэхгүй яасан ч олон код авсан юм бол гэж аж ахуй эрхлэхийн зовлонг мэдэх хүн ойлгож байгаа байх. Энэ нь улирлын чанартай бизнес байсан болохоор л тэр.

Жилийн турш телевизийн үйлчилгээ эрхэлнэ. Орон нутгийн ард түмнээ мэдээллээр хангах зорилготой.  Энэ үндсэн үйл ажиллагаа буюу үйлдвэрлэл байв. Зун нь аялал жуулчлалын мэдээллийн төв ажиллуулж гадаадын иргэдийг аяллын мэдээллээр хангана. Хэвлэлийн үйлчилгээгээр өдөр тутамдаа бага хэмжээний орлого олж түүнийгээ  телевизийн контент үйлдвэрлэлд зориулахаар 10 хүрэхгүй ажилтантай байжээ.

Эхэндээ шинэ орон зайг мэдэрч бизнесээ эхлүүлсэн болохоор ашиг орлого бага ч татвараа төлөөд ажилтны цалингаа цаг хугацаанд нь тавьсаар иржээ. Ер нь ашиг гэхээс  илүүтэй баланс барьж ажиллаж байсан аж. Орлого нь жилийн 30 орчим сая төгрөгт эргэлдэж байсан болохоор улирал бүр тайлангаа гаргаж татвараа 10 хувиар төлсөөр байсан ч таван жилийн дараагаас өрсөлдөгчид нь олон болж бусад хүчин зүйлээс шалтгаалж  ашиг, орлого нь буурсаар сүүлдээ ажилчдаа цомхотгож тав ч хүрэхгүй ажилтантай болж татвараа төлж чадахгүй болжээ.

2016 онд нэг өдөр Прокурорын байгууллагаас дуудагдаж татвараа төлөөгүй шалтгаанаар торгуульд унажээ. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байсан тул тоног төхөөрөмж, байраа түрээсэлж өрөө төлөөд ажилчдаа явуулснаар түүний бизнес зогсчээ. Одоо түүний компанийн гэрчилгээ, нэр, тамга цүнхэнд нь л явдаг болж улирлын тайлан болохоор Х тайлан өгч явсаар гурван жил болж байна.

Энэ эмэгтэйн компани шиг татварын дарамтад орж дампуурсан, тайлангаа хоёр хувь хийж татвараас зугтагсад олон. Гэтэл улс орны хөгжил компани, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалдаг гэдгийг олон улсын туршлага харуулсаар. Жилийн орлого нь 30 сая ч хүрэхгүй “МБДА” шиг олон жижиг компанийг Монгол Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг “Оюутолгой”,” Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компанитай зэрэгцүүлж улирал бүр хоёр тайлан нэхэж, ижил хэмжээний хувиар татвар нэхэж тэднийг татварын дарамтад, цаашлаад хууль шүүхийн дарамтад унагаасан нь жижиг, дунд үйлвэрлэл хөгжихгүй байх шалтгаан нь байжээ.

Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд дөрвөн удаа татварын тайлан тушаадаг байсан бол татварын шинэ багц хуулиар жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд хоёр удаа, харин бичил татвар төлөгчид жилд нэг удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын аж ахуйн нэгжийн 90 хувийг 1-9 ажилчинтай жижиг, дунд бизнес бүрдүүлдэг. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжих “Татварын багц” хуулийн шинэчлэлд “МБДА” шиг олон жижиг, дунд, компани талархаж үүдээ нээхэд хүрч байна.

Учир нь хууль хэрэгжсэнээр татвар төлөгч таны төлөх татварын хэмжээ буурна

Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4 хувь  нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан байна. Тэгэхээр манай нийт ААНОАТ төлөгчдийн 96.6 хувь  нь нэг хувиар албан татвар төлөх болж байна. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө.

Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү нэг хувиар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго гурван тэрбум байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэнэ.

2018, 2019 оны татварын орлого тайлагналтыг 140 мянган аж ахуйн нэгжээс 94 мянган  аж ахуйн нэгж ирүүлсэн бол 40 мянган аж ахуйн нэгж нь Х тайлан өгчээ

Монгол Улсын төсвийг томоохон 54 аж ахуйн нэгж бүрдүүлдэг нь бага юм. Мөн энэ онд 100 орчим мянган аж ахуйн нэгж тайлагнаж 10 орчим тэрбум төгрөгийн ашигтай байна. Энэ нь юуны илрэл вэ гэхээр монголчууд тайлагнасан татвараа төлдөг болсон гэдгийн нотолгоо хэмээн Татварын  зөвлөх үйлчилгээний “Лидер финнанс” компанийн захирал Х.Галмандах ярьсан юм.

Ирэх оны татварын шинэчлэлээр жижиг аж ахуйн нэгжийн  орлогын албан татварыг нэг хувь болгож буй нь тайлангаа ирүүлдэггүй хэсгийг тайлангаа ирүүлдэг болгох зорилготой” гэж Татварын Ерөнхий газрын Татварын орлогын  газрын дарга Д.Цогтжаргал ярьж байна. Тэрээр Монгол Улсын нийт орлогын 85 хувийг 300-400 компани бүрдүүлдэг гэдэг. Түүнчлэн гурван тэрбумын орлоготой компанийн босгыг зургаан тэрбум болгож 25 хувиар татвараа төлдөгөөрөө төлнө. Ингэснээр тэдгээр том компанийн борлуулалт өсч төсвийн алдагдлаа нөхөх боломжтой гэсэн юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.