СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Чингис хаан" одонг "Хү" хамтлагт 2019-11-27 ны өдөр гардуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Өнөө жил 11-р сарын 26-нд тохиож байна. Чингис хааны төрсөн өдрийг угтан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн 2018 онд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн байдаг.


"Хү" хамтлаг Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд 100 гаруй улс оронд аялан тоглолт зохион байгуулж Монголын уламжлалт хөөмий, хархирааг рок хөгжимтэй хослуулан "Хү" хөгжмийн урсгалыг шинээр бий болгожээ. "Хү" хамтлаг европын улс оруудад 26 удаагийн фестивальд оролцож, улс орныхоо нэрийг дуурсгажээ. Улмаар "Чингис хаан" дуу нь дэлхий дахинаа Чингис хааны буруу бичлэг, ойлголтыг залруулж, Монгол улс орныг дэлхий дахинд эерэгээр таниулж байгаа ажээ.

"Чингис хаан" одонг өмнө нь 10 хүнд гардуулсан бөгөөд МУ-ын ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Г.Ариунбаатар, эрдэмтэн Х.Намсрай нарын эрхмүүдэд гардуулж байсан юм.

Энэ жил Ерөнхийлөгч "Чингис хаан" одонг "Хү" хамтлагт гардуулах шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалийг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлж, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийг Чингис хааны одонгоор шагнадаг журамтай. Энэ жил төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон болох Чингис хаан одонг Ерөнхийлөгч улс орныхоо нэр хүнд, үндэсний уламжлалынхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрлөхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа Хү хамтлагт олгох шийдвэр гаргалаа. Хү хамтлаг Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг, Үүсгэн байгуулагч, продюссер МУГЖ Н.Дашдондог тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй. 

9 жилийн турш хөгжмийн урсгалын санааг бодож боловсруулсан аж. 2018 оны сүүлчээр анхны уран бүтээлээ олон нийтэд толилуулсан даруйд асар богино хугацаанд алдаршжээ. 2019 оны зургаадугаар сараас эхлэн Европын орнуудаар аялан тоглолт хийж, нийт 60 тоглолт тоглоод байна" гэлээ. 

Шагналыг 2019-11-27-ны өдөр буюу лхагва гарагийн 11:40 цагаас гардуулах аж. 

Дашрамд дурдахад Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулан жил бүр хийдэг Хүчит бөхийн барилдааныг 27-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт хийнэ. Учир нь Улс тунхагласны баяр мөн арваннэгдүгээр сарын 27-ны өдөр буюу дараалсан хоёр өдөр таарч буй учраас хүчит бөхийн барилдааныг нэгтгэн Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах аж

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.