Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Прокурорын байгууллагаас дуудсан тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө гарсан. Тэрхүү мэдээлэлд "Өдгөө Ц.Элбэгдорж Монголд байхгүй. 14 хоногийн өмнө хил давсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газрынхан Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Хэрвээ дуудах хуудсанд заасан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Прокурорын авах дараагийн арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах юм байна" хэмээсэн байсан.
Үүний хариу болгож ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан лайв хийжээ. Тэрээр "Олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хэд хэдэн хурал цуглаанд оролцоод явж байна. Би удахгүй очно. Намайг зугтааж явсан мэтээр зарим хүмүүс ярьж байх шиг байна. Төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцсан" хэмээжээ.