Хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны нэгэн том хувь нэмэр нь монгол наадгай гэж үздэг. Тэгвэл уг уламжлалт наадгайн соёлын өвлүүлэх, дархлааг бий болгох зорилгоор Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас "Монгол наадгай" аяныг жилийн турш өрнүүлж байгаа билээ. Уг аяны хүрээнд өнөөдөр 20 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон монгол наадгайн соёл эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Уг хуралдааны үеэр монгол наадгайн үзэсгэлэн худалдааг мөн зохион байгууллаа.
Монгол наадгайн 3000 гаруй тоглоом дотроос тухайн овог, аймгаараа тоглодог үндэсний уламжлалт тоглоом хүртэл бий. Энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн аймгийн онцлогийг харуулсан тоглоом наадгайг нийслэлийн иргэдэд таниулаар орон нутгаас төлөөлөгч нар хүрэлцэн иржээ.
Манай улсад шагайн, хөлөгт, оньсон, уран ээдрээт гогцоо, өрж эвлүүлдэг тоглоом, хуруу гараар наадах наадгай зэрэг 15 нэр төрлийн 3000 гаруй тоглоом байдаг ажээ. Тэгвэл МУИС-ийн төв номын сангийн хоёр давхарт энэ сарын 16-ны хүүхэд залууст зориулсан монгол наадгайг таниулах өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна.
Монгол наадгайг цэцэрлэг, сургуульд заадаг ч гэр бүлийн хүрээнд хамтран тоглосноор илүү өв соёлоо хадгалан хамгаалж, өвлүүлэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид дурдаж байлаа.