Бельгийн гоц авьяастан хүү Лоран Симонс есхөн насандаа Эйндховен Технологийн их сургуулийн цахилгааны инженерийн ангид бакалаврын зэрэг горилон суралцаж байна. Энэ анги нь коллежийн насны жирийн оюутнууд ч суралцаж төгсөхөд амаргүй ажээ.
Лоран хүү дараа сар гэхэд хичээлээ дуусгаж, цахилгааны инженерийн бакалаврын зэргээ авах юм байна. Тэрээр үргэлжлүүлэн уг мэргэжлээрээ PhD докторын зэргийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж байгаа ажээ.
Цахилгааны инженер түүний судалж, суралцах хүсэлтэй цор ганц мэргэжил биш юм. Гоц ухаантай хүү давхар анагаах ухааны мэргэжлийн зэрэг авахаар суралцах хүсэлтэй гэж аав нь ярьсан байна.
Лидиа болон Александ Симонс нар хүүгийнхээ эмээ өвөөг анхандаа хэт дэгсдүүлэн ярьж байна гэж боддог байсан ч удалгүй тэдэнд бурхнаас гоц авьяастай бэлэг илгээснийг мэджээ. Багш нар нь түүний авьяас чадварыг тогтоохыг хичээж шалгалт, туршилтууд авсан байна. Тэгээд Лораныг яг л хөвсгөр резин шиг аливааг түргэн сурдаг, гоц чадвартай болохыг эцэг эхэд нь хэлжээ.
Хүүгийн гэр бүлийнхэн эмч мэргэжилтэй ба Лоран чухам яагаад ийм гоц чадвартайг тайлбарлах оновчтой тайлбар байхгүй юм. Ээж Лидиагийн таамгаар жирэмсэн байхдаа загасны мах маш их хэмжээтэйгээр идсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн хошигножээ.
Эйндховен Технологийн их сургуулийн ажилтнууд түүнийг бусад оюутнуудаас түрүүлж хичээлийн хөтөлбөрөө үзэж дуусгаж байгааг хэлжээ. Их сургуулийн багш нар Лораныг урьд хожид байгаагүй хамгийн хурдан сэтгэдэг, суралцдаг онцгой чадвартайг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр гоц ухаантай төдийгүй маш сайхан сэтгэлтэй, эелдэг хүү ажээ.
Бельги хүү докторын зэрэг хамгаалахдаа дэлхийн алдартай их сургуулиудад суралцах хүсэлтэй байгаа тул хүсэлтээ илгээсэн ч эцэг эх нь сургуулиудын нэрийг хараахан хэлэхийг хүсэхгүй байгаа ажээ.
Хэдийгээр тэр бусдаас өөр төрсөн ч есхөн настай жаахан хүүхэд учраас эцэг эх нь аливаад хэтэрхий гүн автаж, аз жаргалтай баяр хөөртэй насаа үдээсэй гэж хүсэхгүй байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл авьяас чадвар, хүүхэд насны баяр баясгалан нь тэнцүүхэн байх хэрэгтэй гэсэн байна.
Лоран Сэмми нэртэй нохойтойгоо хөгжилдөж, гар утсаараа тоглох дуртай. Ирээдүйд хиймэл эрхтэн ургуулах ажилд хувь нэмрээ оруулна гэдгээ хэдий нь төлөвлөжээ.
Эх сурвалж: www.cnn.com