Хонконгийн нөхцөл байдал хүндэрч жагсагчид их сургуулийн хотхонууд руу дайрах болсон. Тус хотод сурч байгаа гадны оюутнууд гэртээ харьж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Ардчиллыг дэмжигч жагсагчид болон Хятадын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн хоорондох мөргөлдөөний үеэр толгойдоо тоосгоор цохиулсан эрэгтэй амьсгал хураасан тухай мэдээлжээ. Хонконгт үүссэн эмх замбараагүй байдлын улмаас амь насаараа хохирсон хоёр дахь иргэн болж байна.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар 70 орчим насны хохирогч эрэгтэй цэвэрлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд үдийн цайны завсарлагаараа гарч яваад толгойдоо цохиулжээ. Ямар нэгэн жагсаалд нэгдээгүй мөрөөрөө явж байсан энгийн иргэн амиа алдсан болохыг мэдээлсэн байна.
Эрэгтэй лхагва гарагт өөр хоорондоо тоосго шидэлцэж байсан жагсагчид, дэмжигчдийн мөргөлдөөнд өртөж пүрэв гарагт үдээс хойш амиа алдсан гэв.
Одоогоос долоо хоногийн өмнө цагдаагийн тусгай ажиллагааны үеэр барилгаас унасан 22 настай оюутан Алекс Чоу амиа алдсан юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Бразил улсад БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад орлцох үеэрээ Хонконг дахь эмх замбараагүй байдлыг аль болох түргэн зогсоож, хотыг дахин сэргээх нэн шаардлагатай байгааг анхааруулжээ. Мөн тэрээр Бээжин дэх Засгийн газар Хонконгийн цагдаагийн газар, удирдагч Кэрри Ламыг дэмжиж эмх замбараагүй байдалд өдөөн хатгатгчдад зохих ёсны шийтгэл онооно гэв.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com