СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН сөрөг хүчингүйгээр баталлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Гурван парламент дам­нан яригдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Г.Занданшатарын ангийнхан өчигдөр баталлаа. УИХ-ын чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар 19 жилийн дараа “эцэг” хуульд ийнхүү өөрчлөлт оруулж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ хууль нь “эцэг” хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.

Одоо төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм. Ямартай ч энэ удаагийн парламент олон жил яригдсан “эцэг” хуулийн өөрчлөлтийг сөрөг хүчний оролцоогүйгээр МАН олонхоороо баталлаа.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж,баталлаа. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төсөл санаачлагчдаас асуулт тодруулга авсныг түүвэрлэн хүргэе.

УИХ-ын Х.Нямбаатар: Гуравдугаар хэлэлцүүлгээр батлахыг дэмжиж байгаа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламентын засаглалыг төгс төгөлдөр болгох санал маань унасан. Цаашид энэ асуудал бидний шийдээгүй, шийдэх асуудал болж үлдэж байгаа. Энэ саналууд маань Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн протоколд үлдэнэ. Бидэнд засаглалын хэлбэрээ хэрхэх вэ гэдэг асуулт болж үлдэж байна.

Засаглалын хэлбэрээ тодорхой болгосон бол бид илүү их өөрчлөлт хийж чадах байлаа. Ирэх онд УИХ-ын сонгууль, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж, бид иргэддээ их зүйл амалж, жаахан эдийн засгаа унагана. Сонгуулиас сонгуулийн хооронд ингэж явмааргүй байна. Засаглалын хэлбэрээ тодорхой болгож байж цааш явна. Ардчилсан тогтолцоотой улс орнуудад төрөө бүрдүүлж байгаа арга хэлбэр нь ийм. Харин жижиг, том можаритар тогтолцоогоо тодорхой болгох хэрэгтэй. Гуравдугаар хэлэлцүүлгээ яаралтай явуулъя.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нийгэм эдийн засгийн амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг хуульдаа, тогтолцоондоо байна гэдэг. Хүндээ, хүний үзэл бодол, хандлагад байна. Аргаа бараад хуульдаа өөрчлөлт оруулбал дорвитой өөрчлөлт гарах юм болов уу гэж бодож байгаа. Хамгийн том зүйл бол хүний суурь ухамсар, хандлага. Төрийн хүн хувийн үзэл бодол, эрх ашгаа хойш тавимаар байна. Төрөл саднаа ажил албан тушаалд томилдог, бага хүүтэй зээл авдаг гээд ярьвал дуусахгүй нь.

Төрийн эрх мэдлийг авч явдаг гол шийдвэр гаргадаг хүмүүсийг томилдог, дэвшүүлдэг улс төрийн намыг хариуцлагажуулах, дотоод ардчилал, боловсон хүчний бодлогод өөрчлөлт гарах нь гэж ойлгож байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг Ард нийтийн санал асуулга явуулах ёстой байсан. Нийгмийн зөвшилцлийн хүрээнд анх ажлын хэсэг байгуулахад МАХН-аас О.Баасанхүү гишүүнийг оруулах ёстой гэх санал хэлсэн.

Гэтэл “Чи Баасанхүүд хэзээ хайртай болчихсон юм” гээд дайраад байсан юм. Оруулах ёстой шүү дээ, парламентад суудалтай намуудын төлөөлөл. АН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаарт хэлэлцүүлэгт оролцохгүй хаяад гараад явлаа. Бас ярилцах л ёстой. Дараагийн нэг хэлэх асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо сонгогчдынхоо саналыг авч гарч ирсэн. Намын даргатай ойр байдаг хүмүүс намын жагсаалт дор УИХ-д хэдэн онд ч билээ орж ирж байв.

Одоо дахиад холимог тогтолцоотой холбоотой асуудал ярьж байна. Дэлхийн бусад улс орны Үндсэн хуулийг судалж үзсэн судлаачид “Можаритар тогтолцоогоор сонгуулиа явуулдаг гуравхан улс байна” гэж байсан. Намын нэр дор нуугддаг байдлыг би хүлээн зөвшөөрөхгүй. Улс орны эдийн засагт томоохон байр суурийг эзлэхээр том орд газрыг гадаадын үндэстэн дамнасан компаниудад алдсан. Энэ бол хэдхэн гишүүн сэтгэлийн хөөрлөөр яриад байгаа зүйл биш. Үе үеийн парламент Засгийн газар холбогдох албаныхан ажлын хэсэг гаргаж шалгахад “Оюутолгой тэрбум ам.долларын алдагдалтай байна. Дэлхийн хэмжээний ордыг ашиглаж байж, татвараа бүрэн төлөхгүй л байна шүү дээ. Үндэстэн дамнасан компаниудын ажиллагаагаа эхэлчихсэн юм байна. Өөрийнхөө бусармаг гэрээ хэлэлцээгээ парламентын түвшинд нөлөөлөх ажлаа эхлүүлчихжээ. 


УИХ-ын С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийг ашиглахдаа ард түмэн, төрийн мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үүнийг засаж, залруулах ёстой. Хэдийгээр Оюутолгойн гэрээ хууль зөрчөөгүй гэдэг ч цаанаа алдаатай. Бид одоо болтол засаж чадаагүй. Тийм учраас харилцан ашигтай, хамтарч ажиллах ёстой гэж үзэн байгалийн баялгийн дийлэнхийг Монголын ард түмэн хүртдэг байх ёстой гэж зааж өгч байгаа. Дэлхийн улс орнууд нам дугуйлдаг 100 хувь пропорцианаль, хүн сонгодог можаритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байна.

Олон улсад хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа явуулдаг жишиг рүү явж байгаа. Ингэхдээ улс нэг тойргоос сонгогддог, нэг хэсэг нь аймгаас, тойргоос сонгогддог байя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалт дор нуугддаг боломж байхгүй. Намын жагсаалтад орж болно. Гэхдээ тэр дэвшигчдээс хүнийг нь дугуйлдаг тогтолцоо юм. Нөгөөх нь аймаг, орон нутагтаа нэр дэвшдэг одоо явж ирсэн тогтолцоог ярьж байна. Х.Нямбаатар гишүүн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой гэж байгаа.

Би үүнтэй санал нэг байсан ч болохгүй зүйл бас байна. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад их эрх мэдэл өгч байгаа. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болчихоор ялсан намын дарга хэт их эрх мэдэлтэй болох нь. Ерөнхий сайд гэдэг хууль хяналтын даргаа томилдог, сайд нараа, Ерөнхийлөгчөө томилдог их эрх мэдэлтэй болох учраас тэнцвэртэй байдлыг хангахыг хичээсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохыг үлдээе гэсэн юм.

Сонгуулийн тогтолцоотой холбоотой Үндсэн хуульд орж буй заалт нь “Олонхийн болон хувь тэнцүүлсэн тогтолцоотой, тойрогт нэр дэвшсэн хүний төлөө дугуйлж саналаа өгнө” гэж байгаа. Үүнээс гадна улс төрийн намууд жагсаалт гаргана, түүнээс нь хүнийг сонгож сонгогч дугуйлна. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөхгүй бол сонгууль бүрийн өмнө эрх баригч нам хуульд өөрчлөлт оруулаад байна. Сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсныг та мэдэж байгаа. Тэгвэл Үндсэн хуульдаа нам биш хүн дугуйлдаг тогтолцоог оруулж өгч буй юм. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 195 улсын сонгуулийн тогтолцоог авч үзэхэд, 89 нь пропорцианаль, 34 нь холимог, 64 нь можаритар систем байна. Цэвэр пропорцианаль тогтолцоо олон намыг гаргаж ирдэг. Холимог гэхээр сонгогчдын санал гээгддэггүй сайн тал бий. Аливаа тогтолцоо эерэг, сөрөг талтай. Сөрөг талыг нь манайхан их ярьж байна. Жишээлбэл, намын жагсаалт нэрийн дор нуугдаж, УИХ-д сонгогддог жишээг их авч байгаа. Намын жагсаалт дор хүнийг дугуйлж болно.

Эрх мэдлийн зөв хуваарилалт, тогтвортой байдлыг бий болгоход тустай зүйл. Сүүлийн 30 жилийн алдаа, дутагдал амжилтын талаар ярьвал үлгэрийн далай. Хамгийн гол доголдож байгаа зүйл ёс зүй, ёс суртахуун. Ёс зүй ерөөсөө орхигдсон. Хариуцлагын тогтолцоо тал талдаа сайжраад ирвэл бүх салбарын ёс зүй сэргээд ирнэ. Хариуцлагыг дээшлүүлж байж ёс зүй сэргэнэ. Үзэл суртлын асуудал ч бий.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байна. Улс орныхоо, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хуульчилж оруулж өгснөөрөө онцлог. Зах зээлд шилжсэн 29 жилд олон зүйлийг ярьж хэлж ирсэн ч өнгөрсөн хугацаанд 14 Засгийн газар солигдсон.

Ерөөсөө хоёрхон Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан байна. Засаг тогтворгүй байснаас халамжийн эдийн засагт дулдуйдсан байдал бий болж байжээ. Ерөнхий сайдад эрх мэдэл өгч, кабинетаа өөрөө бүрдүүлдэг болж байна. Төрийн албаны хариуцлага, сахилга бат, идэвх зүтгэл энэ бүгдэд хамаарч байна. Улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлт орж ирснээр ямар үр дүн гарах вэ. Холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлэх үү. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол асуудал нь төрийн хар хайрцагны бодлого. 1992 оноос өмнө бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг намын тогтолцоотой байсан. Бүх зүйлийг зах зээл зохицуулна, эрэлт нийлүүлэлт дээр үнэ тогтоно гэж байв.

Тиймээс Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөгөө оруулж өгсөн. Урт, дунд хугацааны бодлого уялдаатай байх ёстой. Одоо бол сонгуульд ялсан намууд өөрсдийн бодлогоо явуулна гэдэг. Хөгжлийн бодлого төлөвлөлт байдаггүй. Ийм байдлаар байран дээрээ хий эргэсэн, төрийн хар хайрцагны тогтсон бодлогогүй явж иржээ. Төрийн бодлоготой, тогтвортой, залгамжтай явъя гэдэг агуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн Цэц, цаг хугацаа хоёр шүүнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт хэлэлцүүлээгүй заалтыг шууд оруулж ирж байна. Ингэж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан. Дэгийн хуулийн дагуу бид Сонгуулийн тогтолцоо болон Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх заалтыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасан журмын дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэж заасан.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Гишүүдийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн энэ заалт хөндөгдөөгүй гэж ойлгож байна. Манай аймгаас гурван гишүүн сонгогдож ирснийг та бүхэн мэднэ. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулахад хоёр гишүүн сонгогдсон. Үндэсний цөөнхийн төлөөллөөс үеийн үед гурван төлөөлөл сууж байсан учраас бид сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа. Үүнийг яаж зохицуулах юм бэ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хууль батлагдсан цагаас Баян-Өлгий аймгийн төлөөллийг оруулж ирсэн. Холимог тогтолцоо гэж яриад байгаа олонхийн болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явуулахад казак иргэдийн төлөөлөл багасна гэж байхгүй. Би Д.Мурат гишүүнтэй уулзаж, хэллээ.

Би үүнийг оруулж ирээгүй, зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан. Баян-Өлгий аймагт 2024 онд хоёр төлөөлөл нэр дэвшиж, үлдсэнийг нь намын нэрийн дор нэр дэвшсэн хүмүүсээс казак түмний төлөөлөл сонгогдох боломжтой гэж харж байгаа. Холимог тогтолцоо 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд байгаагүй.

Намын нэрээр дулдуйдаж хүсээгүй хүмүүс УИХ-ын гишүүн болно гэж байгаа учраас нээлттэй жагсаалт гаргаж, нэр дэвшигчийг дугуйлах заалтыг оруулж өгч буй юм. Сонгуулиас нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийг батлахыг хориглоно гэсэн заалт Үндсэн хуульд бий. Хуульд Баян-Өлгий аймаг гурван мандатаас багасах ёсгүй гэдгийг зориуд зааж өгөх ёстой юм. Энэ протоколд үлдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН-ын дэвшүүлсэн зарчмын гурван саналын нэг гол саналаар санал хураах гэж буйтай холбогдуулаад гишүүдэд хандаж үг хэлье. Ардчилсан парламентыг төлөвшүүлэх, улс төрийн намууд нь бодлоготой байх, түүгээрээ дамжаад төрийн уламжлалт бодлого хадгалагдах, гишүүдийн сахилга, хариуцлага нэмэгдэх нь сонголттой холбоотой гэж бид үздэг.

АН сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах тухай ярихдаа намын эрх ашиг, хувь гишүүний сонирхолд огт баригдаагүйг гишүүд ойлгоосой. Үе үеийн парламентын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явцыг харахад УИХ дахь улс төрийн намуудын ойлголцол, зөвшилцөлд тулгуурлаж байсан.

Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаасай гэсэн чин хүсэлтэй байгаа учраас хэлэлцүүлэгт бид өнөөдрийг хүртэл оролцож яваа шүү. Энэ асуудалд та бүхэн зөвхөн 2020 оны сонгуулийг бүү хараарай. Бид Монгол Улсын 20-30 жилийн хөгжил, төлөвшлийн суурийг тавьж байгаа гэдгээ ойлгож санал хураалтад оролцохыг та бүхнээс хүсэж байна. Энэ саналыг дэмжиж өгөөрэй.

Санал хураахад сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал нь олонхын дэмжлэг авсангүй. Ингэснээр АН-аас гаргасан гурван саналын хоёр нь Үндсэн хуульд тусахааргүй болов. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг нь эрх баригч намын бүлэг дэмжихгүйгээ өмнө нь мэдэгдсэн билээ. Гурван саналынх нь хоёр нь унаж, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх тухай ганц санал нь л Үндсэн хуульд тусах болсонд УИХ дахь АН-ын зөвлөлийнхөн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, УИХ-ын чуулганы танхимыг орхив.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Тун харамсалтай байна. Өнөөг хүртэл бид энэ асуудлаар МАН-тай зөвшилцөж ирсэн. АН-ын гаргасан гурван зарчмын санал хоёр нь уналаа. Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай явж ирснээ онцолж хэлье.

Харамсалтай нь бидний тавьсан санал унаснаар АН цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй болсныг мэдэгдэж байна. Үндсэн хууль ийм доголон байж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүтэн байлгахын төлөө, ардчилсан парламентын төлөвшлийг бүрэн хангахын тулд АН гурван санал гаргаснаа хариуцлагатайгаар мэдэгдье.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явц ямар замаар явав, өнөөдөр ямар үр дүнд хүрэв гэдгийг харвал сонин дүр зураг харагдаж байна. Анхнаасаа олонх түрэмгийлж, Журмын тухай хуулиа зөрчин, процессоо алгасаад эхэлсэн. Одоо бол олонхын хүслээр л энэ төсөл батлагдах гэж байна. Ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээр батлуулъя гэсэн. Түүнийгээ орхигдуулсан. Бусад намтай зөвшилцье гэсэн. Зөвшилцлөө үгүйсгэлээ.

Би анх удаа УИХ-д сууж байгаа гишүүний хувьд үнэхээр гайхаж байна. Монгол Улсын үндэсний хэмжээний ийм том намынхан урд урдаасаа харж сууж байгаад “Зөвшилцлөө” гэж хэлээд эргэхдээ ар хударгаар нь хуурахыг харлаа. Энэ бол манай улс төрийн намууд ямар соёлгүйг, улстөрчид хэрхэн хэлсэндээ хүрдэггүйг харуулсан явдал байлаа. Зөвшилцлийн ажлын хэсгийг анхнаас нь санаачилж, ажилд нь оролцож, энэ мөчийг хүртэл зөвшилцөж байна гэж бодож явсан.

Өнөө өглөө хүртэл хугацаан дээр зөвшилцөөд, холимог тогтолцоогоо Үндсэн хуульд оруулж, нийлээд батална гэсэн итгэл үнэмшилтэйгээр орж ирсэн. Харамсалтай нь та бүхэн нөгөө нүүрээ гаргалаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс нь парламентыг төлөвшүүлэх юм бол увайгүй, худалч, хулгайч улстөрчдийг УИХ-ын танхимд оруулахгүй байх, энэ бүхний хаалга үүд нь болдог жижиг мажоритарыг үүрд хаяхыг бид зорьсон. Харамсалтай нь тэгж чадсангүй.

Хоёр хоногийн өмнө батлагдсан төсвийг та бүхэн жижиг тойрогтоо сонгогчдын саналыг авахад зориулсан. 2020 оны сонгуульд бусад улс төрийн намын болон бие дааж нэр дэвшигчид та нартай шударгаар өрсөлдөхөд бэрх болсон. Гэхдээ ард түмний ухаан цэлмэг, эрүүл саруулаар сонголтоо хийнэ гэдэгт найдаж байна. Энд бидэнд хийх ажил үлдээгүй учраас чуулганы хуралдааныг орхилоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АН молигдуулчихлаа. Эрх баригчид ард түмэнтэйгээ зөвшилцөхгүй юм аа гэхэд УИХ-д суудалтай намуудтайгаа зөвшилцөх ёстой байсан. Манай намтай мөн зөвшилцөөгүй учраас АН-тай адил хэлэлцүүлгээс гарлаа. МАН дангаараа хуурамч шинэ хүчинтэйгээ нийлээд Үндсэн хуулиа батална биз. Та бүхэнд амжилт хүсье. Ард түмнээрээ дүн тавиулж албан ёсоор олонх болж орж ирээд олон алдааг чинь засаж өгөхийг хичээнэ. (Тэр мөн чуулганыг орхин гарав)

С.Батзаяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.