Бангладеш улсад 21 настай оюутан Абрар Фахадыг бусад оюутнууд бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан юм. Цагдаа нар уг хэрэгт холбогдуулан 25 хүнд ял оноох нь зүйтэй гэж үзжээ.
Абрар Фахад улсынхаа шилдэг их сургуулиудын нэгд сурдаг байсан бөгөөд цахим орчинд Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн нийтлэл оруулаад удалгүй амиа алдсан юм.
Түүний үхэл их дээд сургуулиудын оюутнуудыг жагсаалд нэгдэхэд хүргэж, улс орон даяар хамарсан өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн газар авсан билээ. Цагдаа нар 25 хүний 11-ийг нь аллагын хэрэгт шууд оролцсон хэмээн буруутгаж, үлдсэн хүмүүсийг халдлагыг зохион байгуулахад тусалсан гэж үзжээ.
Ял сонссон оюутнуудын ихэнх нь Авами Лиг улс төрийн намын залуучуудын холбоо нэгдлийн гишүүд байгаа ажээ. Уг бүлгэмийг Чхатра Лиг гэж нэрлэдэг бөгөөд урьд өмнө ч мөн оюутнуудын эсрэг хүчирхийлэл хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зэрэг хэргүүдэд удаа дараа холбогдсон байна.
Абрар Фахад нийслэл Дака хот дахь Бангладешийн Инженерийн их сургуулийн төгсөх ангийн оюутан байжээ. Түүний цахим орчин дахь нийтлэл Засгийн газар Энэтхэг улстай усаа хуваалцах тохиролцоог шүүмжилсэн утгатай байв. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа цогцос нь дотуур байрнаас олдсон юм.
Гэрчүүдийн ярьснаар оройн 20 цагийн үед түүнийг дотуур байрны өрөөнөөс нь хэсэг бүлэг залуус авч явснаас хойш дөрвөн цагийн дараа амиа алдсан байдалтай олдсон байна.
Зарим оюутнууд түүнийг зодуулсныхаа дараа амьд байсан ба эмнэлэгт хүргэж өгөхийг гуйсан тухай ярьжээ. Жагсагч оюутнууд түүний хэрэгт холбоотой хүмүүст цаазын ял оноохыг шаардсан юм.
Эх сурвалж: www.bbc.com