СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсөв бусад дагалдах хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтын талаар болон бусад асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт тавин хариулт авсныг товчлон хүргэе.

Н.Оюундарь (УИХ-ын гишүүн): -Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд, зарлага нь 2.5 их наяд. Зөрүү 300 тэрбум гаруй төгрөгийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүсээд байна.

Нийгмийн халамжийг хэт хавтгайруулж, 756 тэрбум төгрөгийг халамжид зарцуулж байгаа. Төсвийн мөнгө ажлын байр бий болгоход зарцуулагдах ёстой атал эсрэгээрээ халамж руу урсаад байна.

Цаашид 83 төрлийн халамжид 756 тэрбум төгрөгөө тараасаар байх уу, эсвэл хөгжлийн бодлого руу чиглүүлэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч болон ажилтан нийлээд 26 хувийг төлөхөөр болж байгаа нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, хөдөлмөр эрхлэгчдэд дарамт болж байна.

Манайд ажиллах хүчний оролцоо хангалтгүй. Үндсэндээ ажил эрхэлж буй 889 мянган иргэн бий. Үүний 200 мянга нь төрийн албан хаагч. Тэгэхээр хувийн секторт ажиллаж буй 700 мянга орчим хүн л нийгмийн даатгалын санг бүрдүүлж байна гэсэн үг.

Гэтэл буруу бодлогын үр дүнд бий болсон алдагдлаа тэдний нуруун дээр үүрүүлэх гээд байна. Төр уг нь аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжиж өсгөж, өндийлгөх ёстой атал эсрэгээрээ дарамт болоод байна. Нийгмийн даатгал төлж байгаа иргэдийн мөнгө эргээд улс орны хөгжилд зарцуулагдахгүйгээр халамжид зориулагдаж байгаа нь гажуудал.

Үүнийг ОУВС руу чихэхийн оронд эргэж харах хэрэгтэй. ОУВС-ийн хөтөлбөрөөс үл хамаарч бодлогын өөрчлөлт хийхгүй юм уу. Бодлогын өөрчлөлтөө хэзээ оруулж ирэх вэ. Аж ахуйн нэгж, ажилчин ангид дарамт болохгүй байх ямар арга зам байгааг хайж үзсэн үү?

Б.Баттөмөр (УИХ-ын гишүүн): -Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоонд ийм л дүр төрх бий болж. Н.Оюундарь гишүүн чухал асуудал хөндлөө. Нийгмийн даатгалын сан 2.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.5 их наяд төгрөгийн зарлага гаргаж байгаа.

Үндсэндээ төсвөөс 400 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг. Манай ажиллах хүчний оролцоо маш бага. Хөдөлмөрийн насны 10 хүний тав нь ажил хийдэг. 50 хувь нь гэсэн үг. Гэтэл урд хөршид энэ үзүүлэлт 85 хувь, ОХУ-д 60 хувьтай.

Манайд ийм доогуур байгаа нь ажлын байрны олдоцоос гадна ажиллах хүчний оролцоо бага байгаатай холбоотой. Цаашид ажлын байр олноор бий болгож, тэр хэрээр даатгалын сангууд өргөжнө. Энэ удаа ОУВС-д өгсөн амлалтаараа нийгмийн даатгалын шимтгэлийг ингэж төлөвлөхөөс өөр аргагүй.

Н.Учрал (УИХ-ын гишүүн): -Манай улс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ орхигдуулаад байна. Харилцааны холбооны салбарын сүүлийн таван жилийн хөрөнгө оруулалтыг аваад үзвэл 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Ийм том салбар.

Гэтэл Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн заалтад татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний орлого бүрдүүлнэ гэсэн заалт орсон. Харилцаа холбооны салбарт дижитал шилжилтийг явуулахад хувийн байгууллагуудынхаа сүлжээг ашигладаг.

Төрд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хувийн байгууллагууд 25 хувийнхаа татварыг төлчихөөд, дахиад цэвэр ашгаасаа гурван хувийн татвар төлөх нь зүйд нийцэх үү. Энэ дарамтыг хувийнхан маань дааж чадахгүй. Цэвэр ашгаас татвар авна гэдэг нь хувийн өмчид нь халдаж байгаа хэрэг шүү. Төр хувийн хэвшлийн том салбаруудаа хайрлах хэрэгтэй.

О.Баасанхүү (УИХ-ын гишүүн): -Юу хийдэг юм бол гэмээр сонин, сонин сангууд байдаг юм билээ. Манай найзууд тэр сангууд руу төсвийн мөнгийг хийчихээд, хамаатан садан, танил талаараа дамжуулаад хуваагаад авчихдаг. Тэгээд ядарсан иргэддээ өндөр хүүтэй зээлдүүлээд сууж байдаг нь тодорхой боллоо шүү дээ.

М.Оюунчимэг (УИХ-ын гишүүн): -Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаарх сүүлийн арваад жилийн судалгааг харахад мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн жишээ үүний нэг илрэл. Эрх мэдэлтнүүд энэ мөнгийг дараа нь өөрсдөө авахын тулд өөрсдөдөө тохирсон дэндүү өндөр шалгуур тавьдаг.

Жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд тэр шалгуурыг хангаж чаддаггүй асуудал байдаг юм билээ. Хойшид үүнийг анхаарч, жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хэрэгтэй хүмүүст нь сангийн мөнгийг хүргэхэд УИХ, Засгийн газар хяналт тавьж ажиллаж чадах уу?

Б.Чойжилсүрэн (УИХ-ын гишүүн): -Хуулийн хэрэгжилт хуулиасаа чухал байна. Хууль нь муу биш, хариуцаж байгаа албан тушаалтнууд нь хуулийг яаж хэрэгжүүлж байна вэ гэдэгт асуудлын гол байна гэсэн дүгнэлт гарсан байна билээ.

Ж.Энхбаяр (УИХ-ын гишүүн): -Засгийн газрын нийт 22 сан бий. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хоёрын ялгааг хэлж өгөөч. Юуг жижиг, дунд үйлдвэр гэж үздэг юм бэ.

Бичил зээлийн асуудлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, эсвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шийдэх юм уу. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үүргийг хэлж өгөөч. Мөн Ч.Улаан сайд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл өгөөч. Ямар шаардлага хангаж байж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахыг тайлбарлаж өгнө үү.

Мал эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэж ХАА-г дэмжих сан болгосон. Бодлогын хувьд зөв гэж харж байгаа.

Б.Чойжилсүрэн (УИХ-ын гишүүн): Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан тусдаа яаманд харьяалагддаг. Хуульд заасан тодорхойлолтыг нь би цээжээр хэлж мэдэхгүй байна. Холбогдох яамны сайд нь тайлбарлах байх.

С.Чинзориг (ХНХ-ын сайд): -Засгийн газар энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн талаар шинэ бодлого хэрэгжүүлж байгаа. Өмнөх жилүүдэд энэ сангийн мөнгийг гадаадаас авч буй ажиллах хүчний төлбөрөөс бүрдүүлж ирсэн.

Үүнийг , улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулах шаардлагатай гэж үзээд, анх удаагаа 40 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасан. Өрхийн болон хувиараа мөн нөхөрлөлийн аж ахуй эрхэлж байгаа иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт олгохоор хуульд заасан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.