Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ороод байна. Замын түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр өдөр болгох болон бусад саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр танилцуулсан байна.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тэлэх талаар ярилцсан байдаг.
Дээрх саналуудыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж, замын түгжрэлийг бууруулах өөр санал оруулах үүрэг даалгавар өгсөн байна. Зарим нэг сошиол хэрэгслээр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр мөрдөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл худал болохыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар тодруулан хэлсэн юм.
Замын түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өмнө нь Улаанбаатарын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэл хуваах шийдвэр гарган олон нийтэд танилцуулсан ч дэмжлэг авалгүй буцаагдсан байдаг. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах энэ удаагийн саналууд ч бас мөн адил буцаагджээ.
Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах оновчтой санал тус газраас гарахгүй байгаа тул иргэн таньд санал байвал тус газарт хандаж үзэхийг зөвлөмөөр байна.