СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-11-13

Б.Мэргэн: шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хуулийн заалтыг буруу хэрэглэж ял оноосон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол Хаад” группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болсон. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноогоод байгаа юм. А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт та бүхэн А.Ганбаатартай уулзаад ирсэн гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Мэдээж хоригдож байгаа хүн сэтгэл санааны хувьд болон бусад зүйлээрээ сайн байна гэж байхгүй. Хилс хэргээр хоригдож байна гэсэн сэтгэл зүйтэй байгаа. Гэмт хэрэг үйлдээд, түүнийгээ хүлээн зөвшөөрч, зохих хариуцлагаа хүлээж байгаа хүнд нөхцөл байдал өөр. Анх цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос хяналт тавьж, шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаанд үйлдсэн гэсэн гэмт хэргээс шал өөр үндэслэлээр шүүх ял оноосон.

-Биеийн байдал нь хэр байна вэ?

-Зүрхний өвчинтэй учраас “Интермэд” эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Үе үе цус нь багасаж, ихсэж, бүлэгнэдэг. Тиймээс өвчин нь гэнэт хүндэрдэг. Ийм үед “Интермэд” эмнэлэгт байнга очиж, зарим тохиолдолд хэд хоногоор хэвтэх шаардлага гардаг. Эмийг нь шоронд оруулсан ч гэсэн чийгтэй, нойтон, хүйтэн орчинд өвчин нь хүндрэх эрсдэл өндөр. 

-Аль хорих ангид хоригдож байгаа вэ?

-Баянзүрх дүүрэгт байрлах дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид байгаа.

-Ц.Сандуйтай хамт байгаа юу?

-Нэг хорих ангид байгаа ч хоорондоо уулзах боломжгүй, өөр өөр өрөөнд байгаа. Учир нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хязгаар тогтоох арга хэмжээ авч, хоорондоо холбогдох, уулзаж, ярихыг хориглосон. 

-А.Ганбаатар юу ярьж байна вэ?

-Энэ хэрэг шалгагдаж эхлэхээс өнөөг хүртэл гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн шалгагдаж байснаас өөр гэмт хэрэгт буруутгагдахад гайхсан гэсэн. Өчигдөр /уржигдар/ шүүхийн шийтгэх тогтоол гарч, өнөөдөр /өчигдөр/ хорих ангид хүргэж өгч байгаа. Шийтгэх тогтоолтой танилцаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах бэлтгэл хийж эхэлнэ. Шүүх хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. 

-Та бүхэн Ц.Сандуйн өмгөөлөгч нартай хамтарч ажиллаж байгаа юу?

-Бид нэг хэрэг дээр буруутгагдсан, ижил ашиг сонирхолтой байгаа. Гэхдээ уулзаад, ярилцаад, албан ёсоор хамтарч ажилласан зүйл байхгүй. 

Сонгуулийг будлиантуулах цаад утгаараа парламентын эрхийг хууль бусаар авах асуудал. Гэтэл энэ хүмүүс парламентын эрх мэдлийг авах оролдлого хийгээгүй. Түүнчлэн энэ схемийг Ганбаатар гэж хүн хийгээгүй. Доржзодов өөрөө энэ схемийг санаачилж, гаргаад танилцуулсаныг сонссон. Түүнийг сонссоныхоо хариуд сонгуулийг будлиантуулах гэмт хэрэгт холбогдчихож байгаа юм. Түүнчлэн зургаан удаагийн шинжээчийн дүгнэлтээр бичлэг эх хувь биш нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний тухай хуульд дуу, дүрсний шинжилгээг эх хувь дээр хийнэ гэж заасан. Хуулбар дээр хийсэн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангахгүй. 

-Анх төлөвлөж байснаас өөр хэргээр шүүх ял оноосон. Та бүхэн шүүх хурал хэрхэн үргэлжилнэ хэмээн төлөвлөж, бэлтгэж байсан бэ?

 -Энэ хэргийг хоёр удаа прокуророос хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ТЕГ дахин сэргээж, шалгахад, прокурор хянахад, шүүхэд шилжүүлэхэд ч 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1-д заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” гэмт хэргээр зүйлчилж байсан. Бид анхнаасаа энэ гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй, үйлдэл нь таарахгүй хэмээн үзсэн. Учир нь энэ хууль 2015 онд шинэчлэн батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг.

Ингэхээр хууль буцаан хэрэглэх зарчмын хувьд тухайн үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэрэг биш болсон тохиолдолд тэр хуулийг хэрэглэж болдоггүй. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулийн 19.2-т төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүч хэрэглэх замаар авахаар бэлтгэсэн бол ял оногдуулахаар заасан. Ингэхдээ нэгдүгээрт, эрх барих дээд байгууллагын буюу Үндсэн хуульд зааснаар УИХ-ын эрхийг авах оролдлого, хоёрдугаарт хүч хэрэглэсэн үйлдэл байх ёстой гэсэн.

Гэтэл эдгээрийн алийг нь ч шалгагдсан үйлдлүүд хангахгүй байгаа. Хэрвээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэрэгт зүйлчлэх гэж байгаа бол шүүгдэгчид ашигтай эрх зүйн байдлын дээрдүүлсэн хууль буюу шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Тус хуулийг хэрэглэхээр энэ нь гэмт хэрэг биш болно. Мөн хуучин хуулийг ашигласан ч гэсэн энэ хүмүүст төрийн эрх мэдлийг авах санаа, зорилго байгаагүй. Тиймээс энэ нь гэмт хэрэг биш гэдэг байр суурьтай, цагаатгах ёстой гэдэг үндэслэлээр өмгөөлсөн.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бид “Энэ хэрэг дээр ялалт байгуулчихлаа. Цагаатах юм байна” гэж бодсон. Гэтэл шинэ Эрүүгийн хуулийн 14.9-т заасан сонгуулийг будлиантуулах гэмт хэрэг байна гэж зүйлчилсэн. Үндсэн хуульд хүн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй.

Хэрэв анхнаас нь 14.9-р зүйлчилж, шүүх хуралдаан болсон бол бид үүний эсрэг мэтгэлзэх байсан. Бид яллаж байгаа энэ зүйл заалтад ямар ч тайлбар, өмгөөллийн үг хэлээгүй. Мөн шүүх ялыг нь хөнгөрүүлсэн зүйлчлэлээр сольж болно гэсэн заалтаар 82.1-ийг 14.9-ээр сольчихож байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Анхан шатны шүүх прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдааныг явуулна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, прокурор 82.1-ээр зүйлчилж оруулж ирсэн бол шүүх хуралдаан энэ хүрээнд өрнөх ёстой. Мөн “Шүүх ялыг хөнгөрүүлсэн зүйлчлэлээр сольж болно” гэсэн заалт нь тухайн зүйл дотроо зүйлчлэлийг солино гэсэн агуулгатай. Тэрнээс 14.9-ээр сольж болохгүй. Шүүхээс “82.1 нь 12-20 жилийн, 14.9 нь 2-8 жилийн ялтай, ялыг хөнгөрүүллээ” гэж буруу тайлбарлаж байна. 

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан гэж та бүхэн үзээд байгаа. Гэтэл шүүхээс 2021 онд дуусна гэсэн?

-Эрүүгийн хуулийн 14.9-д хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. Нотлох баримтуудаар хэргийг 2014 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд үйлдэгдсэн байна гэж үзэж байгаа. Ингэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Шүүх хурал дээр хоёр прокурор бидэнтэй адил байр суурьтай санал өгсөн. Гэтэл шүүх “2016 оны зургадугаар сард хэргийн гомдол цагдаагийн байгууллагад ирсэн. Тэгэхээр энэ цагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож, 2021 онд дуусна” гэж үзэж, дөрвөн жилийн ял оноосон. Хэрэг гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцдог болохоос олон нийтэд мэдэгдсэнээр тооцдоггүй.

-Хэрэг 2014 онд үйлдэгдсэн гэдгийг юугаар нотолж байгаа вэ?

-.

-Шүүхийн шийдвэр харин ч үндэслэлтэй гарсан юм биш үү. Төрийн эрх мэдлийг булаан авахаасаа илүү сонгуулийн үр дүнг будлиантуулах гэсэн үйлдэл байсан гэж харагдаж байна?

-Тэгж үзэж болохгүй. Нэгдүгээрт, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Хоёрдугаарт, зөв хэрэглээд, тийм үйлдлээр буруутгаж байна гэж бодъё. Гэтэл Эрүүгийн хуулийг үгчлэн тайлбарлаж хэрэглэх ёстой. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн нөхцөлтэй үйлдэл нь таарах ёстой. Бичлэгт “Ардын нам ялалт байгуулсан тохиолдолд чамайг ийм албан тушаалд аваачна” гэсэн тухай л ярьж байгаа. Тэгэхээр сонгуулийг будлиантуулах биш, сонгуулийн дараах асуудлыг ярьсан. Иргэний санал өгөх үйл ажиллагаанд саад учруулах, саналыг тоолоход нөлөөлөх үйлдлүүд сонгууль будлиантуулсан хэрэгт орно. 

-Мөнгө авснаар сонгуульд нөлөөлнө шүү дээ?

-Сонгуулийг будлиантуулах цаад утгаараа парламентын эрхийг хууль бусаар авах асуудал. Гэтэл энэ хүмүүс парламентын эрх мэдлийг авах оролдлого хийгээгүй. Түүнчлэн энэ схемийг Ганбаатар гэж хүн хийгээгүй. Доржзодов өөрөө энэ схемийг санаачилж, гаргаад танилцуулсаныг сонссон. Түүнийг сонссоныхоо хариуд сонгуулийг будлиантуулах гэмт хэрэгт холбогдчихож байгаа юм. Түүнчлэн зургаан удаагийн шинжээчийн дүгнэлтээр бичлэг эх хувь биш нь тогтоогдсон.

Шүүх шинжилгээний тухай хуульд дуу, дүрсний шинжилгээг эх хувь дээр хийнэ гэж заасан. Хуулбар дээр хийсэн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангахгүй.

-Г.Доржзодов энэ бүх зүйлийг анх зохион байгуулсан гэдгээрээ хариуцлага хүлээх ёстой юу?

-Тийм асуудал яригдах ёстой. Мөрдөгчөөс прокурорт Доржзодовыг гэмт хэрэг зохион байгуулахад оролцсон үндэслэлээр яллагчаар татах санал өгсөн байдаг. Харин прокуроос хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийгээ Эрүүгийн хуулийн 82.1-ийн “Гэмт хэргээ сайн дураараа илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн тайлбарын дагуу хэргээс чөлөөлсөн.

Гэтэл өөрөө сайн дураараа илчилсэн зүйл байхгүй. Энэ хэргийн талаар анх Ардчилсан нам, МАХН-аас цагдаад мэдээлэл өгсөн. Доржзодовыг эрэн сурвалжилж, албадан авчирч байж мэдүүлэг авсан байдаг. Мөн одоо Сандуй, Ганбаатарыг яллаад байгаа 14.9-т ийм тайлбар байхгүй, ялаас хөнгөрүүлнэ л гэсэн. Хэргийг сайн дураар илчилсэн гэдгээр ялаас чөлөөлж байна гэдэг бол тэр хүнийг энэ хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ хуулиар Доржзодов мөн хариуцлага хүлээх ёстой.

-Шүүх хурлын үеэр Доржзодов гэрчээр оролцсон гэсэн. Энэ үеэр юу ярьсан бэ. Та бүхэн асуулт асуух эрхтэй. Ингэхдээ санаатайгаар хэргийг зохион байгуулж, урхи тавьсан байж болох талаар асуусан уу?

-Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Доржзодовд хоёр цаг гаруй асуулт тавьсан. Шүүх хурал хаалттай болсон учраас асуулт болон хариултын талаар нэг бүрчлэн хэлэх боломжгүй. Шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэг маш их зөрсөн. Бид Ганбаатарыг өмгөөлж байгаа учраас Доржзодовыг буруутгах үүднээс асуудалд хандана гэж хардаж болно. Гэтэл зөвхөн бид ингэж үзээгүй. Шүүх хуралд иргэдийн төлөөлөл суудаг. Тэр хүн шүүх хурал шударга явагдаж байгаа эсэхэд өөрийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгдөг.

Иргэний төлөөлөл байр сууриа илэрхийлэхдээ “Би энгийн тээвэрчин хүн. Гэхдээ ажиглаад байхад Доржзодов гэж энэ хүн худлаа яриад, гэмт хэрэг үйлдсэн бололтой. Харин шүүгдэгч нар буруугүй юм шиг санагдлаа” гэж ярьсан. Хөндлөнгийн хүний нүдээр ингэж харагдаж байгаа юм.

-Давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох вэ?

-Анхан шатны шүүх шийдвэрээ гаргаад, 14 хоногийн дотор бичгээр албажуулдаг. Бид өчигдөр /уржигдар/ шийдвэрээ авсан. Тэгэхээр шийдвэр авснаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргаснаас хойш шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.