Мэргэжлийн сүмо бөхийн 71 дахь их аварга Какүрюү М.Ананд Япон Улсын иргэн болохоор шийджээ. Мэдээж арлын орныг эр бяр, эд хавийг гайхуулан барилддаг аварга ул суурьтай удаан бодсоны эцэст Япон улсын иргэн болохоор шийдсэн биз ээ. М.Ананд аваргын Монгол Улсын иргэншлээсээ татгалзаж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тарж, хүн бүр л өөр өөрсдийнхөө үзэл бодлоор хандаж байна. Сэтгэгдэл бичигчдийн ихэнх нь түүнийг эх орноосоо урвасан мэтээр доромжилсон байгаа харагдлаа.
Гэхдээ сүмо бөх үзэгчид, спорт сонирхогчдын хүрээнийхэн түүний энэ шийдвэрийн цаад учрыг ойлгож байгаа. Түүний иргэншлээсээ татгалзах болсон шалтгаан нь Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тус дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага хүлээдэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ үүрэг хариуцлага М.Ананд аваргад ирчихсэн юм. Өөрт ирж буй боломжоос ухардаг хүн гэж үгүй.
Тэгэхээр Какүрюү М.Ананд ирж байгаа боломжыг ашиглаад үзье. Мэдээж хүүхэд байхаасаа сүмо бөхийн ертөнцөд эргэлт буцалтгүй орж, хүнд хэцүү бэлтгэлт сургуулилт тэсвэр тэвчээр болгоныг сэтгэлийн тэнхээ, эр бяраар даван туулж зуу гаруй сая хүн амтай япон улсын мэргэжлийн сүмо бөхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн. Үүнийхээ үр шимийг хүртэх боломж нь Монгол Улсын иргэншилээс татгалзаж байж ирэх болчихсон хэрэг.
Тиймээс л ийм шийдвэрийг гаргасан гэдэг нь тодорхой. Түүнээс өмнө Монгол Улсын харьяаллаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б.Дашням, Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал нар татгалзаж Япон Улсын иргэншил авсан билээ. Монгол Улс давхар иргэншлийн асуудлыг шийдэх хууль гаргахгүй бол цаашид сүмо бөхчүүд гэлтгүй олон монгол хүн харь улсын иргэн харьяалалтай болсоор байх болно.
Сумо бөхийн дэвжээ мөрөөдсөн хүүгийн хүсэл биелэсэн гэгээн түүх
Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозүна М.Ананд 1985 оны наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн байдаг. Гэхдээ тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд барилдахдаа Сүхбаатар аймгийн харьяат хэмээн дуудуулдаг. Какүрюү М.Анандын сүмо бөх болсон түүх бусдаас өөр онцгой, сонин содон гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. М.Ананд 15 настай байх үедээ 179 см өндөр, 70 кг жинтэй хүүхэд байж. Энэ үед сүмо бөх болох хүүхдүүдийг шалгаж авах шалгаруултад ороод тэнцэлгүй хасагдаж байсан гэдэг. Гэвч түүний сүмо бөх болох сонирхол нь унтарч бөхөөгүй юм. Шантарч, бууж өгөхийг хүсээгүй М.Ананд Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо, “Сумо” сэтгүүлийн газар руу сумо бөхөөр барилдах чин хүсэл сонирхолтой байгаа. Сумо бөхийн аль нэгэн дэвжээнд оруулж өгөхийг хүссэн захидал илгээжээ. Захидалдаа “Хэрэв би сүмо бөх болох юм бол дэвжээнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, хамаг чадлаараа барилдах болно. Бурхан биднийг амжилтад хүрэхийг шаардаггүй. Зөвхөн оролдлого хийхийг л хүсдэг шүү дээ” хэмээн бичсэн байжээ.
М.Ананд өөрийнхөө сэтгэл дотор бодогдож байгаа зүйлийг бичсэн захидлынхаа үр дүнд сүмо бөхийн ертөнцөд хөл тавьсан түүхтэй. Анхны башёгийн барилдаанаа 2001 онд хийжээ. 2002 оны нэгдүгээр сарын тэмцээнд жонокүчи зиндааны 32-оос босож 5-2 гэсэн амжилт үзүүлсэн байна. Ганц башё барилдаад зэрэглэл чансаа ахин дэвшиж жонидан зиндаанд оржээ.
Тэрбээр жониданд гурав, санданмэд 10 башё барилдсан байдаг. Ингээд 2004 оны Нагоягийн башёд нэг унаагүй долоон даваатайгаар түрүүлэв. Улмаар дараагийн башёд чансаа ахин Макүшитагийн 14-өөс босон барилдах болсон юм. М.Анандын барилдааны арга туршлага нэмэгдсээр 2006 оны Кюүшюгийн башёд анх удаа дээд зиндааны дэвжээнд барилдсан. Тэр тэмцээнд маэгаширагийн наймаас босож найман даваа, долоон унаатайгаар 50 хувийн амжилт үзүүлэн башёг амжилттай өндөрлүүлсэн юм. Ийнхүү тэрбээр макүчи буюу дээд зиндаанд тогтмол амжилт үзүүлж эхэлсэн. Энэ хугацаанд М.Ананд уран барилдааны шагналыг долоон удаа, гарамгай барилдааны шагналыг хоёр удаа хүртэн 2012 оны Нацү башёд амжилттай барилдаж озэки цолтон болсон юм.
Японы мэргэжлийн сүмо бөх сонирхогчид болон сумогийн мэргэжилтнүүд Хакүхо их аваргын орыг залгах их аварга хэн байх вэ гэдэгт таамаг дэвшүүлж байгаа. Мэдээж Хакүхогийн амжилтыг давтаж мэдэх хамгийн магадлалтай бөх бол түүний нутаг нэгтэн их аварга Какүрюү М.Ананд. Түүний хувьд одоогоор дээд зиндаан зургаан удаа түрүүлээд буй. Японы сүмогийн тогтсон дэг жаягаар бол 20 удаа дээд зиндаанд түрүүлсэн их аваргыг дай ёкозүна гэж нэрлэдэг. Дай ёкозүна Асашёорюү, Хакүхо нарын амжилтыг давтана гэдэг амаргүй.
Одоо сүмод барилдаж буй бөхчүүд 10 башёд түрүүлнэ гэдэг хэцүү болжээ. Судалгаанаас харахад монгол их аваргуудаас бусад их аваргууд ихэвчлэн дөрвөөс найман удаа л түрүүлсэн байгаа. Мэргэжлийн сүмод 1958 оноос эхлэн жилд зургаан башё барилдах системийг нэвтрүүлснээс хойш төрсөн их аваргуудын 60 хувь нь арваас дээш түрүүлж чадаагүй байна. Сүүлийн үеийн их аваргуудаас Харүмафүжи хэрвээ зодог тайлаагүй бол 20 түрүүлж дай ёкозүна болох магадлал өндөр байв. Юутай ч одоогоор дараагийн дай ёкозүна хэн байж болох вэ гэдэгт хэд хэдэн бөхийг нэрлэж байгаа аж.
Юуны өмнө их аварга Какүрюүг дээр дурдсан. Түүний хувьд сүүлийн хагас зуун жилийн дотор их аварга цолонд хүрсэн бөхчүүдээс насны хувьд дээрээсээ гуравт бичигддэг байна. Өөрөөр хэлбэл, харьцангүй хөгширсөн хойноо их аварга болсон гэсэн үг. Одоо Какүрюү 35 настай. Тиймээс цаашид амжилт нь буурч, монгол бөхөөр бол харих шинжиндээ орсон гэж болно. Сүмогийн мэргэжилтнүүд ч ийм таамаг дэвшүүлжээ. Какүрюү сайн барилдаж байгаа боловч нас нь нэлээд явсан, тиймээс дахиад дөрвөн удаа түрүүлнэ гэдэг түүнд нэлээд хэцүү гэсэн байна. Сүүлийн гурван башёд тааруухан амжилттай, эсвэл гэмтлийн улмаас өнжиж байгаа зэрэг нь Какүрюү 10 дахь удаагаа эзэн хааны цомыг өргөж улмаар дай ёкозүна болох магадлал бага гэж Японы сүмо бөх сонирхогчид ярих болжээ.
Түүнчлэн хоёр башёд түрүүлээд буй сэкивакэ Митакэүми, тус бүр нэг удаа башёд түрүүлээд байгаа сэкивакэ Такакэйшо, маэгашира Асанояма нарыг энэ эрчээрээ барилдвал монгол их аваргуудын орыг залгаж ёкозүна улмаар дай ёкозүна болох магадлалтай гэж сүмогийн мэргэжилтнүүд таамаглаж байна. Магадгүй Японы сүмо бөхийн холбооны мэргэжилтнүүдийн дараагийн дай ёкозүна болох хамгийн их магадлал, боломжтой Какүрюү М.Ананд аварга дэвжээ өвлөн авч зодог тайлахыг ч үгүйсгэх аргагүй байдалтай боллоо.
Харин монголчууд Какүрюү М.Ананд аваргыг Монгол Улсынхаа иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлт гаргасанд сэтгэл гонсгор байна. Тэрбээр Монгол Улсын иргэн харьяаллаас гарч, Япон Улсын иргэн боллоо ч зүрх сэтгэл нь Монголтойгоо үргэлж хамт байх нь тодорхой.
"Үндэсний шуудан" сонин