Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь багийн гишүүн Б.Отгонбаяр дөрвөн ихэр гүемийн хамт амарч байгаа цоохор ирвэсийн ховор зургийг авч чадсан нь зэрлэг байгаль, амьтан хамгаалагчдын сонирхлыг ихээр татаж байгаа тухай Siberian Times сонинд нийтэлжээ.
Орос, Монголын хилээс хэдэн зуун км-т дарсан зурган дээр цоохор ирвэсийн дөрвөн гүем эхийгээ анд явсан хойгуур эрүүл саруул тоглож, унтаж байгааг гэрэл зургийн дуранд Б.Отгонбаяр буулгажээ.
Мөн түүний авсан өөр нэг зурган дээр эх ирвэс буюу гинс гүемнүүдийн хамт амарч, тайван хэвтэж буй ховор агшныг дарсан байна. Цоохор ирвэс ихэнхдээ нэг юмуу хоёр гүем гаргадаг ба гурвыг гаргах нь ч тун ховор ажээ.
Тиймээс дэлхий дээр нэн ховордсон цоохор ирвэс гүем гаргахдаа дөрвөөр ихэрлүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.
Дэлхий дээр нэн ховордсон цоохор ирвэсийн 3,500 гаруй тоо толгой байдгийн 20 хувь нь буюу 800-1000 орчим нь Монголын 10 орчим аймгийн газар нутагт тархсан байна. Тиймээс Монгол орон цоохор ирвэсийн судалгаанд хоёрдугаарт орох ач холбогдолтой улс юм.
Эх сурвалж: siberiantimes.com