Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд нэмэгдэх болсонтой холбогдуулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Чинзоригоос дараах тодруулгыг авлаа.
УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Чинзориг:
-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд орохдоо, НДШ-ийг 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан угаасаа орлого, зарлагаа нөхөж чаддаггүй. НД-ын сан 2019 онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа.
НДШ-ийн хэмжээг 2020 онд ажилчдаас 1 хувь, ажил олгогчдоос 1 хувь болгон нэмнэ. Нийгмийн даатгалын сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Хэдийгээр НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй.
Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг буруу ойлголт. Төрийн албан хаагчдын цалин 2017 оноос хойш гурван удаа нэмэгдээд байгаа. Ирэх онд ч төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэгдэнэ. Төсөвт 150 тэрбум төгрөг тавигдсан байгаа.
НДШ нэмэгдсэнээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-20 онд эдийн засгийн өсөлт 2018 оны 15,8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа.
-НДШ-ийг нэмж "Капитал"-аас авах ёстой 105 тэрбумыг төлөх гэж байна гэж хардаж байна л даа?
-"Капитал" банкны алдагдлыг нөхөхийн тулд НДШ-ийг нэмж байгаа гэсэн мэдээлэл явж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй. "Капитал"-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байгаа.