Өмнөд ба Умард Солонгосын хилийн орчимд урсдаг гол гахайн цусаар будагдаж, улаан өнгөтэй урсч байгааг ВВС агентлаг онцолжээ. Африкийн гахайн томуу тархсантай холбогдуулан Өмнөд Солонгосын эрх баригчид 47,000 гахайг өнгөрсөн амралтын өдрүүдэд нядалж устгасан байна. Бороо их орсны улмаас нядалгааны газар дахь цус үерийн усанд урсан ийнхүү Имжин голд нийлсэн болохыг эх сурвалж тайлбарлажээ.
Африкийн гахайн томуу нь хурдан халдварладаг, эдгэдэггүй учир халдвар авсан гахайг устгахаас өөр аргагүй. Гэхдээ хүнд халдварладаггүй гэж үзжээ.
Орон нутгийн эрх баригчид Африкийн томуутай гахайнуудын цус голд их хэмжээгээр урсаж байгаад зовниж байгаа юм. Учир нь голоос ундаалдаг бусад ан амьтад халдварлах эрсдэлтэй байна. Мөн голын усыг нэмж бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй хэмээн байгаль орчныг хамгаалагчид уриалжээ.
Солонгосын хойгт Африкийн гахайн томууны анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сард Умард Солонгосын нутаг дэвсгэрт илэрсэн ба Өмнөдийн эрх баригчид халдвартай амьтдыг нэвтрүүлэхгүйн тулд хилийн дагуу тор татаж хамгаалахыг оролдсон. Мөн зэвсэггүйжүүлсэн бүсээр хил давсан зэрлэг гахайг нэн даруй устгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч есдүгээр сарын 17-ны өдөр анхны тохиолдол БНСУ-д илэрчээ.
Хятад, Вьетнам, Филиппин улсуудад мөн Африкийн гахайн томуу тархсан ба зөвхөн Хятадад гэхэд халдвар авсан 1,2 сая гахайг устгаад байна.
Эх сурвалж: www.bbc.com