УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, Хан-Уул, Баянгол, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноожээ. Тэрбээр хоёр удаа хүчингийн хэрэгт холбогдсон бөгөөд эхний удаа нь 2017 онд 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон. Харин хоёр дахь удаагаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээ чөлөөлөгдсөнийхөө дараа өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг "хүчирхийлэхийг завдсан" хэмээн хуулийн байгууллагад хандсан юм.
Түүний дээрх хэргүүдтэй холбоотой шүүх хурал жил дамнан үргэлжилж, хэд хэдэн удаа хойшилсны эцэст өчигдөр/2019.11.12/ болж ийнхүү шийдвэрээ гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ.