Агаарын бохирдлын улмаас жилд дунджаар 4.6 сая хүн нас барж байгаагийн 1.7 сая нь хүүхэд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтаар БНХАУ тэргүүлж, Энэтхэг хоёрдугаарт орж байна. БНХАУ, Энэтхэг агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь хүн амын өндөр нягтаршилтай холбоотой аж.
Тиймээс хөгжингүй орнууд, ялангуяа, олон саяар тоологдох хүн амтай томоохон метрополис хотын удирдлагуудад агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн амын тоо, нягтаршлаас эхлээд хотжилтыг зөв төлөвлөхөд баримтлах стандарт байх ёстойг агаарын бохирдлын талаар судалгаа, шинжилгээ хийдэг байгууллагууд сануулах болсон юм. Азийн 21 оронд жилд дунджаар 803 мянган хүн нүүрсний хорт хийн ялгарлын уршгаар амиа алддаг байна.
Харин утаагаараа алдартай Лос-Анжелос тэргүүтэй АНУ-ын хэд хэдэн хотод жил бүр 9600 орчим хүн агаарын бохирдлоос болж хорвоог орхидог гэсэн албан бус тоо бий. Бензин, дизель хөдөлгүүрт автомашины утаа, нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс даваад байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, Их Британийн 69 хотын 44-ынх нь агаар мандал дахь хорт хийн хаягдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс өндөр байгаа аж.
Байгаль орчны талаар судалгаа хийж, мэдээлэл бэлтгэдэг “Earth.com” сайт саяхны нэгэн судалгаандаа дундаас доогуур орлоготой иргэд агаарын бохирдолд хамгийн их өртдөг талаар мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр, үндэстний цөөнх, амьдралын түвшин доогуур хүмүүс бусадтай харьцуулахад агаарын бохирдолд өртөмтгий байдаг гэнэ. Агаарын бохирдол Зүүн Ази дахь буурай орнуудын толгойн өвчин болоод зогсохгүй Хойд Америк, Европын орнуудын томоохон бэрхшээл юм.
Тэр тусмаа Калифорни муж болон Мексик Улсыг энэ асуудал зовоосоор байгаа билээ. Агаарын бохирдолтой холбоотойгоор өндөр настнуудын өвчлөл 125 саяар нэмэгдсэний зэрэгцээ гадаа ажиллах боломж 5.3 хувиар буурчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч, агаарын бохирдоо шийдэж буй дэлхийн улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч тэдний олонх нь өндөр хөгжилтэй орон байгаа юм.
Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд улс орнууд хатуу түлшний хэрэглээгээ багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүч ашигласаар байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Тухайлбал, Франц Улс Парис болон ойролцоох хотуудад автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байдаг. Энэ журмыг зөрчсөн иргэдийг торгож, нийтийн тээврээ үнэгүй болгожээ.
Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс ил зуухны хэрэглээг хориглосон байна. Грекийн Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд үе үе салхигүй, тогтонги цаг агаартай байдаг.
Тиймээс агаар дахь тоосонцрын агууламж шоо метрт 150 микрограммаас хэтэрдэг байна. Хүн амын амьдралын баталгаажих түвшнээс доогуур давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүйд хүрдэг учраас Засгийн газраас зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг аж. Харин Шинэ Зеланд дэлхийн цаг уурын өөрчлөлт цаашлаад агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор жилд 100 сая мод тарихаар төлөвлөж байгаа ажээ.
Жилд 100 сая мод тарьснаар тус улс ирэх 2050 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаас ялгарч байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгаж нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэржүүлнэ гэж үзэж байгаа юм. Ингэхдээ мод тариад зогсохгүй хөрсний ашиг шим нь багассан хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүсийг ойжуулахаар төлөвлөжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар дэлхийн улс орнууд агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд агаар дахь бохирдлын хэмжээ 130 хувиар нэмэгдэх гэнэ. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт жил бүр 77 сая нэмэгдэж байгаа ч бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум машин өдөр бүр хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байна.
Ц.Даваасамбуу