"Миний нөхөр Б.Амгалан нь \4 мөчний хуруунууд бэрхшээлтэй\ "Хишиг Арвин Индустриал" ХХК-нд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн "Харуул хамгаалалтын ажилтан"-аар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нэг ч удаа ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн зөрчил гаргаж байгаагүй. Гэвч 2019 оны зургадугаар сарын 19-20-д шилжих шөнө ажлын байрнаасаа гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 50А орон сууцны лифтний хонгилоос 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр олдсон" гэж ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан бичсэн захидалдаа бичсэн.
Нөхрийнх нь цаг бусын үхлийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа учир иргэн Б.Болороо, ээжийнхээ хамт долоо орчим хоног Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа. Ирэх долоо хоногт өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.
Харин өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр иргэн Б.Болороотой уулзаад "Энэхүү хэргийг анхааралдаа авсан байгаа. Өнөөдөр гэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, үүрэг даалгавар өгнө" гэлээ.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав энэхүү уулзалтад байлцсан бөгөөд "Ерөнхий сайд энэхүү хэргийн материалтай танилцсан. "Асуудлыг шийдэж өг. Яагаад хүн давхар хохироогоод байгаа юм бэ!" гэсэн үүрэг даалгавар өглөө. Бид нар УЕП-той энэ асуудлаар уулзана. УЕП-ын захирамжаар шинжээч томилно. Шинжилгээ нэлээд удна" гэсэн тайлбарыг иргэн Б.Болороод өгөв.
Иргэн Б.Болороогийн хувьд "Шинжилгээ хийлгэнэ гэж хэлээд ам таглаж байгаа юм биш биз дээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой л уулзмаар байна" гэсэн юм. Гэвч, Ерөнхий сайд болон албаны хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч, суултаа зогсоолоо.