Микрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч, ажил олгогч, хандивлагч Пол Аллен 65 насандаа мөнх бусыг үзүүлж тайван нойрссон талаар мэдээлжээ. Пол Аллены хөрөнгө оруулалтын Вулкан компаниас албан ёсны мэдэгдэл хийж, түүнийг Сиэтлд тунгалгийн системийн хорт хавдраар амиа алдсан гэлээ. Хоёр долоо хоногийн өмнө хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдэж байсан юм.
“Миний ах бүхий л амьдралынхаа турш гайхалтай хүн байсан. Тэр хайртай ах, нагац ах бас найз байсан юм” хэмээн дүү Жоди Аллен нь хүндэтгэл үзүүлжээ. Орчин үеийн технологи дээр суурилсан амьдрал, урлаг спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Пол Аллен 1975 онд Билл Гэйтсийн хамт Микрософтыг үүсгэн байгуулж байсан. Тэрээр 1982 онд тунгалгийн системээ өвчилснийг мэдээд Микрософтоос өрх тусгаарласан байдаг.
Билл Гэйтс “Миний эртний, хүндэт найз Пол Аллен мөнх нойрссонд сэтгэл минь шархалж байна. Пол жинхэнэ түнш, хүндэт анд минь байсан. Суурин комьпютер түүнгүйгээр оршин тогтнохгүй байсан” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Микрософтын одоогийн гүйцэтгэх захирал Сатья Наделла, NBA-ын комиссар Адам Силвер, NFL-ын комиссар Рожер Гүдель зэрэг анд нөхөд, гэр бүлийнхэн нь эмгэнэлээ илэрхийлсээр байна.
Пол Аллен Вулканаас гадна Стратолаунч, Хиймэл оюун ухааны Аллен институти, Биологи судлалын институти зэрэг хэд хэдэн томоон байгууллагыг үүсгэн байгуулсан. Форбес сэтгүүлээс түүний хөрөнгийг хамгийн сүүлд 20,3 тэрбум ам.доллар гэж бичжээ. Хөрөнгийнхөө 10 хувийг буюу хоёр тэрбум ам.долларыг хандивласан байна.
Зарим хандиваас нь дурдвал эбола вирусын эсрэг тэмцэхэд 100 сая ам.доллар, Сиэтлийн орон гэргүй иргэдэд зориулж 30 сая ам.долларын хандив өгч байжээ. Пол Аллены сүүлд ажиллаж байсан төсөл нь дэлхийн хамгийн том хос хөдөлгүүртэй нисэх онгоц Сратолаунч байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com