Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр,
-Сэтгүүлчдийн онц их хурал нэрээр зохион байгуулалттай гүтгэлэг явуулж байгааг онцоллоо.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хүүхдийг 19 настай иргэн н.Нарангэрэл төрүүлсэн талаар ТВ4 мэдээлсэн байдаг. Гэвч энэ нь зохион байгуулалттай гүтгэлэг бөгөөд миний нэр төр, нийгэмд эзлэх байр суурийг үгүйсгэх гэсэн оролдлого. ТВ4 телевизийн захирал Алтаншагай иргэн н.Нарангэрэлийг хөлсөлж авч гүтгэх ажиллагаа зохион байгуулсан нь утасны яриагаар ч батлагдана.
Хатуу мэдээ.мн гэх сайтын Мөнхтөр намайг нэг бус удаа гүтгэж, доромжилсон. Одоо сүүлдээ гэр бүл, үр хүүхэд рүү минь хүртэл халдах боллоо. Энэ бол маш том гэмт хэрэг. Үүнийг хуулийн байгууллагаар тогтоолгоно.
Зөвхөн долоо хоногийн дотор ТВ4 телевизтэй холбоотой 4-5 гомдол над дээр ирсэн. Шүүхийн шийдвэр нь гарчихсан, дандаа гүтгэлэг доромжлолтой холбоотой. Гэтэл үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Хатуумэдээ гэдэг сайт нь ч ялгаагүй. Бөөн гүтгэлэг, доромжлолтой холбоотой гомдол. Энэ сэтгүүл зүй биш. Би эдгээр хүмүүсийг сэтгүүлч, сэтгүүлзүйн салбарынхан гэж үзэхгүй байна.
Сэтгүүлчдийн онц их хурал гэгч нь мөн л зохион байгуулалттайгаар намайг унагах гэсэн оролдлого. Эдний гүтгэлэг зогсолтгүй үргэлжилж байна. "Сэтгүүлч" ордонг хятадын ССТV-ийнх л гэнэ, Хятадад ярилцлага авахын тулд Х.Мандахбаяраас зөвшөөрөл авдаг гэх мэтээр гүтгэсээр л байна.
Улмаар МСНЭ-ийг ч хууль бус, намайг МСНЭ-ийг худалдаж авсан гэж Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны дарга Шаравдорж гэж хүн гүтгэдэг. МСНЭ-ийг сонгох хурал хуулийн дагуу болсон. Хуралд оролцсон хүмүүсийн 85 хувийн саналаар би сонгогдсон. Ямар ч хууль бус зүйл болоогүй. Гэтэл Онц их хурал гэгч зүйл гаргаж ирээд намайг унагах гэж оролдож байна.
Би албан тушаалтай зууралддаггүй. Гэхдээ одоо хуультай зууралдана. Энэ МСНЭ-ийн муу, муухайг нь илчилж, идээ бээрийг нь шахаж гаргана гэж мэдэгдлээ.