АНУ-ын Массачусетс мужийн 10 настай хүү Макс Вреденбург есөн жилийн өмнө буюу 2010 онд лонхонд захидал хийж Атлантын далайд шиджээ. Уг захидалдаа тэр гэрийн хаягаа бичиж, хэн нэгэн үүнийг олно гэдэгт найдаж байна хэмээн дурджээ.
Одоо тэр 19 настай коллежийн оюутан. Есөн жилийн өмнө шидсэн лонхтой захидлынхаа талаар хэдий нь мартжээ. Гэтэл нэг өдөр аав нь түүнд гэрийнх нь хаягаар илгээсэн захидлын хариу болон түүний балчир жаал байхдаа бичиж байсан захидлын зургийг дарж явуулсан байна.
Вреденбургийн эцэг эх хүүхдүүдийнхээ бага насны дурсамжийг хадгалах дуртай ажээ. Тэрээр өөрийн бичсэн захидлын хариуг уншаад маш их догдолж, зүрх нь хүчтэй цохилсон тухай ярьсан байна.
Ид шидийн мэт эргэж олдсон Лонхтой захиаг 2010 наймдугаар 21-ний өдөр Массачусетсын Рокпорт дахь Лонг Бийч далайн эргээс Вреденбург аавтайгаа хамт шиджээ. Бяцхан хүү захидалдаа өөрийнхөө тухай хуваалцаж “Би алим, далайн эрэгт дуртай. Миний дуртай өнгө бол цэнхэр. Бас би амьтад, машин, сансар огторгуйг маш их сонирхдог” хэмээн бичсэн байна.
Захидлыг Францын далайн Контис болон Мимизан эргүүдийн дундаас Ж. Дубойс гэгч 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр олж гэрийн хаягаар нь хариу илгээхдээ “Би захидлыг чинь есөн жилийн дараа 6,000 км-ын холоос оллоо. Чи лав энэ хугацаанд их том болсон байх” гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com