УИХ энэ оны 12-р сард багтаан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцаж байгаа ажээ. Энэ удаад УБЕГ-ын Сонгуулийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2020 оны сонгуулийн бэлтгэл, хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцлаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/т буй бүртгэлээр одоогийн байдлаар сонгуулийн насны 2.111.842 иргэн байна.
2017 оны сонгуулиар нэг хаяг дээр 20-30 хүн бүртгэгдсэн, адилхан овог нэр, регистрийн дугаартай, нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасаагүй зэрэг асуудлууд гарсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж танилцуулжээ. Түүний хэлснээр,
Одоогоор уг асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа ажээ. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86 мянга орчим хаяг байдаг. Эдгээр хаягийг объектод суурилсан буюу газрын кадастрын мэдээллийн санг бий болгож, үүн дээр суурилж иргэний улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх ёстойг хэллээ.
Харин Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгуулиа өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй болсон байна.
Мөн регистрийн дугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь ижил давхцаж болзошгүй 2200 гаруй хүн байна. Эдгээр иргэдийг тодорхойлж, эрсдэлийн бүлэг тогтоосон байна. УБЕГ 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой болжээ. Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягаа харж, шалгадаг болсон. Зөрчил гарвал Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдээлж, арилгуулах боломжтой юм байна.