-Улс төрд ЗӨВ хүмүүсийг гаргаж ирэх зорилготой, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөний санаачилагч, дэмжигч гишүүдтэй манай LIVETV.MN цуврал ярилцлага хийж байна. Энэ удаад “Хүрээлэн” төслийн продюссер, сэтгүүлч М.Буянбадрахтай ярилцлаа.-
-Таныхаар зөв хүн гэж хэнийг хэлэх вэ. Ер нь зөв гэдэг үг юуг илэрхийлэх юм?
-Зөв хүрдтэй машин, буруу хүрдтэй машин... Зарим улсад бидний буруу гээд байгаа хөдөлгөөн тэндээ зөв байдаг. Бидний зөв гээд байгаа нь тэнд буруу болдог. Харьцангуй ойлголт юм л даа. Хамгийн энгийн жолооны хүрдээр л жишээлж ярихад. Аль ч улсад замын хөдөлгөөнйи дүрэм гэж бий. Баруун, солгойгоосоо үл хамаараад замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байгаа жолоочийг л зөв жолооч, зөв амьдрал, зөв хэвшил гэж байгаа юм, миний ойлголтооор. Тэгэхээр зөв хүн гэдэг бол дүрэм зөрчихгүй гэсэн үг. Олуулаа хийчихсэн дүрмийг зөрчихгүй, муу үйлдэл гаргахгүй хүнийг л зөв хүн гэж байгаа юм. Гэхдээ зөв гэж бодсон хүн урам хугалах тохиолдол бий.
Зүрхний шигдээсийн дараа зүрхэн дээр жижиг маш олон сорви үүсдэг. Тэрэн шиг монгол сонгогчийн зүрхэн дээр асар олон сорви байна шүү дээ. Маш олон дараалан инфаркт авсан зүрх болчихоод байна л даа монголчууд, сонгогч бидний зүрх...
Одоо бидний зайлуулах гээд, бузар булайг нь дуудаад байгаа улч төрчид /нэрийг нь дурдахаа больё/ анх 5,10,15,20 жилийн өмнө улс төрд алхан орж ирж байхдаа үс нь хар, сэтгэл нь цагаан л байсан байх. "Үнэнээсээ энэ улсыг хөгжүүлье, хүмүүсийн шахалт, шаардлагаар өндөг, лооль шидүүлэн байж тайзнаас бууна" гэж бодоогүй байх л даа. Гэгээн, цагаан сэтгэлээр орж ирсэн байлгүй дээ. Түүнээс биш захаа босгож, хар шил зүүчихээд л “одоо нэг хорлоод өгье” гэж орж ирээгүй байх.
Зөвлөгөө өгөхөд тэр улсууд анх орж ирсэн, анх сонгогдсон, анх улс төрд орж ирсэн үеийнхээ үг хэл, үйлдэл бодол, сонины шарласан хуудсан дээрх ярилцлагаа хармаар юм.
Заавал 25, 30 жил болсон нас, зүстэй ахмад улс төрчдийг би хэлээгүй шүү. Хар залуугаараа, “зөв байх” гэж горьдож явсан хүмүүс саяхны, ерөөсөө энэ 2016 оны сонгуулийн дараа бидний итгэж найдаж, нүдэндээ гэрэлтэй, сэтгэлдээ горьдлоготой хүлээж байсан улс 60-70 хүрч байгаа ах нараасаа “илүү” болжээ.
Тэгэхээр зөв байх, буруу байх нь нас, зүснээс огт хамааралгүй юм байна. Тиймээс зөв хүн гэдэг бол дүрмээс гажихгүй байх л хүнийг хэлнэ. Түүнээс биш метр 80 см-ээс дээш өндөртэй ч гэнэ үү, царайны зөв төрхтэй байх асуудал биш. Мөнгө харахаараа л огиулаад байдаг хүн байх албагүй шүү дээ.
-Та нар/Электорат хөдөлгөөн/ тэр зүрхний шигдээсийг эмчлэх эмчлэгчид болох гээд байгаа юм байна гээд ойлгочих уу?
-Бид нар эмчилж, домчлох гээд эм, тан бариад байгаа нь хаашаа юм. Ямар ч байсан оролдлого юм. Энэ оролдлого бүтэлтэй болно гэсэн баталгааг хэн өгч байгаа юм. Н.Жанцанноров гуай өгч байна уу, Н.Сувд гуай юу, Д.Содном гуай, Баабар, Б.Цэндоо ах, би... өгч байгаа юм уу? Хэн ч өгөхгүй. Гэхдээ оролдолго, оройлсон зүтгэл, манлайлал хэрэгтэй. Хүн болгон бэртэгчин загнаад, дөрвөн хананы дунд, таван ханатай гэр дотроо эсвэл тал дээр хонио хариулаад л, малаа хагалж идээд л, маргааш ямар өдөр болох бол гэж бодоод л, өглөө автобусандаа сууж, ял мэт ажлаа хийгээд, орой зурагтаа асааж “нөгөө хэдийгээ” хараачихаад байгаа д л байвал энэ 10 жилийн өмнө ч байсан амьдрал...20,30 жилийн өмнө ч байсан амьдрал.
Одоо бид хангалуун болох гэсэн ямар нэгэн оролдлого хийхгүй л бол яг саяын гунигтай тойрогтоо л амьдарна. Нар баруунаас хэзээ ч мандахгүй. Нар Хужир булан талаас, Богд уулын, Төр хурхын амнаас мандана. Тэгэхэд чи захаа босгоод өөртэйгөө адилхан “саарал хүмүүс”-тэй хамт автобусанд суугаад нэг ажилд очно, цалин авна, орой ирж нөгөө хүмүүсээ “өө дурак аа” гэж хараагаад эсвэл таксинд суугаад замдаа таксичинтай нийлж Трамп хүрэл хараагаад л...
Хувь хувьдаа жижиг орон зай дотор тэмцэл хийхгүй, шийдвэр гаргахгүй, оролдлого хийгүй байх юм бол алтан гартай бурхан, хувилгаан байгаад ч дараагийн удаа байдал улам дордсон байна. “Найман жилийн дараа энэ улс байх уу, үгүй юу”-даа тулсан байх ч юм бил үү. Монголын заяа их юм, арай ч тиймдээ тулахгүй л байх. Гэхдээ нүдэн дээр, дэлхий дээр, зөндөө олон улс яаж дампуурч болдгийн олн жишээ байна. Түүнээс Монгол Улс хагас алхмын зайд л байна.
-200 мянган км замыг туулаад Монгол орноо хөндлөн гулд туулаад явахад өчнөөн олон хүн, амьтантай уулзаж, учраад явсан бйаж таарна. Хүмүүст итгэлийн гэрэл байна уу?
-Бид хүмүүстэй уулздаг биш байгаль, амьтан хайж явдаг хүмүүс. Гэхдээ огт хүнгүй газраар явахгүй нь ойлгомжтой. Хөдөө, хотгүй догширчихсон. Ямар ч сайн мэдээнд үнэмшихээ байчихаж. “Худлаа даа. Цаагуураа бол...” гээд хуйвалдааны онолд итгэчихсэн. Муу мэдээндээ илүү баярладаг болчихсон байна, манайхан. Үүнийг миний ойлтголтоор догширолт гээд байгаа юм. Аливаад итгэхээ байчихсан. Бэлэг өгсөн ч итгэхгүй. Бараг “ямар зорилгоор бэлэг өгөөд байна” гэх сэртэй болчихсон байна. Нийтээрээ сэтгэл гутралд автчихсан. “Болно доо, болно” гэдэг дуу шиг хүн ховор байна шүү. Энэ бол урам хугаралтын шинж. Урам хугаралт нь нийгмээрээ сэтгэл гутрал руу явж байна. Энэ урам хугаралтыг засах арга нь үлгэр дуурайл болсон шийдвэр гаргах түвшний хүмүүс.
Хүлээлт үзэн ядалт болж хувирах маш амархан. Хүлээлт өндөр байх тусмаа гомддог. Итгэл найдвар нь цөхрөл, цайрал, догширолт болчихсон. Дараагийн шат нь үзэн ядалт. Үзэн ядалт нь хувьсгал болно.
-Өөр өөрийнхөө салбарт зөв байж гэмээнэ өөрчлөгдөх юм биш үү?
-Ер нь тийм. Аналагин, димедролын холимыг судсаар хийж нэгдүгээрт өвчин намдаана, хоёрдугаарт тайвшруулдаг. Халуун буулгах зайлшгүй шаардлага байна.
Нэгэн жишээ ярья л даа. Улаанбаатар хотын улаан төв дээр нэг кофены газар байна л даа. Эргэн тойронд нь дандаа төрийн байгууллага. Ажлын цаг. Би нэг хүнтэй уулзахаар тохирсон юм. Орох гэтэл суудал олддоггүй. Ажлын цагаар, хэн суучихсан байгаа юм гээд хартал эргэн тойрны байшингийн залуус...үүдэнд гарч тамхиа татчихаад л, буцаж орж ирж 8000 төгрөгийн кофе уугаад л...ажлын өмнө нэг удаа, ажлаа тараад дахиад 8000-аар кофе уугаад л... Надад лав энэ их мөнгө. Бараг тансаг хэрэглээ. Гэтэл тэнд дандаа төрийн албан хаагч, залуус/20-30-аад насныхан/ цалингаас давсан орлогоо илт гайхуулж, биднийг доромжилж байна. Хэрэв хувийн хэвшлийнхэн ажлын цагаар ингэж суусан бол шууд халагдана.
Уг нь өөр өөрсдийнхөө ажилд санаа зовж, өөрчөлтийг авчрах ёстой эн тэргүүний хүмүүс бол тэр “хувалзнууд” юм. Тэр залуу “хувалзнууд”. Гэтэл эрээ цээргүйгээр, ичиж зовохгүйгээр бидний толгой дээр нулимж байна шүү дээ, тэд. Энэ бол уурлах, бухимдах, даралт ихсэх хангалттай шалтгаан мөн. Энэ бол нэг л жишээ. Тэрнээс цааш яривал асар их юм бий шүү дээ.
Байдлыг улам муутгаж байгаа нэг зүйл байна. Гаслаан. Гаслаад л байдаг. Олон нийтийн сүлжээ рүү орно гаслаан, зурагт үзнэ бас л гаслаан, таксинд суугаад жолоочтой ярина мөн л гаслаан...Гаслаад л байна. Ямар ч иргэний эр зориг, хамтын эв санааны нэгдэл гэх ойлголт алга.
Бас нэг жишээ ярья. 1985 он. 35 жилийн өмнө. Манай аав сэтгүүлч. Тэр үед намын их хурал болж л дээ. Тэр үед ах дүү, социалист орнуудаас гэж томъёолдог байсан цаг. Өөр өөр орны сэтгүүлчдийн баг ирээд тэдэнд эх орноо танилцуулж, сурталчлах ажлыг монголынхоо сэтгүүлчдэд нэг, нэгээр нь хариуцуулаад өгч л дээ. Манай аав вьетнамчуудад танилцуулах үүрэг авч л дээ. 1985 оны Улаанбаатар бас л ядуу шүү дээ. Гэхдээ л Азидаа гялгар. Тэр үед вьетнамчууд “Монгол тасарчихжээ. Хэзээ манайх ийм болно” гэж шогширч байсан гэдэг. Харин саяхан манай нэг найз Вьетнам явчихаад ирэхдээ “Вьетнам тасарчихжээ” гэж халагласаар ирсэн. Өөрөөр хэлбэл, бидний өнгөрүүлсэн амьдрал гаслаанаас өөр юм хийсэнгүй.
Үүнийг засах олон оролдлого байж болно. Тэрний нэг нь “зөв хүн” хүмүүсийг нэг баг болгоод, “улс төрийн шигшээ баг” бүрдүүлэх явдал гэж хараад байгаа юм. Энэ баг бүрдчихвэл амархан ш дээ. Том гүрнүүдийн хажууд бол тосгоны эдийн засаг шүү дээ.
-Хувь хүн бүр өөр өөрийнхөөрөө зөв нийгмийг бүтээх гээд явж байгаа байх. Танай төсөл/Хүрээлэн/ тухайлбал, “Танья, Хайрлая, Хамгаалъя” гэдэг зорилгодоо хүрч байна уу. Энэ бол цаагуураа байгаль орчноо хайрлах, хамгаалах, зөв төлөвшилтэй хүмүүсийг бэлтгэх зорилготой байх гэж ойлгодог?
-Бас нэг зөв иргэнийг хүмүүжүүлэх тухай ойлголт юм л даа. Хүн танихгүй юмаа хэзээ ч хайхрахгүй. Миний мэдэхгүй нэг улсад өлсгөлөн, гуйранчлал, байгалийн гамшиг гээд хэцүү амьдрал байх шиг байна л даа. Гунигтай, харамсалтай мэдээ мөн болов ч би мэдэхгүй учраас тэдний төлөө шаналахгүй байна.
Таньдаг юмаа бол хүн хайрладаг. Энэ хорвоод хамгийн сайн таньдаг хүн ЭЭЖ. Надад амьдрал бэлэглэсэн хүн. Ээждээ хүн болгон хайртай байдаг нь дэндүүд сайн мэддэг, таньдаг учраас. Хайрлаж байгаа зүйлд чинь аюул учирвал хамгаална. Манай урианы логик нь тэр. “Хүрээлэн”-ийн зорилго нь учиргүй байгаль орчноо хамгаалах гээд байгаадаа ч биш юм. Манай үзэгчдийн нэлээд хэсэг нь хүүхдүүд. Тэр хүүхдүүд ямартай ч цэвдэг сэтгэлтэй, байгальд хор хийгээд байхаар хүмүүс болохгүй байх гэж горьддог юм. Манай нэвтрүүлгийн зорилго энэ. Зургаан жил хамтдаа явлаа. 100 гаруй дугаар, хэд хэдэн баримтат кино хийлээ. Бид нарын хийж чадах юм энэ. Байгаль хамгааллын хамгийн үр дүнтэй арга бол мэдлэг, мэдээлэл, сурталчилгаа. Хүмүүсийг байгалиа хамгаалах бодолтой болгох.
-Соёлын тухай юу хэлэх вэ?
-Аравхан жилийн дотор эрс хувирч байна л даа. Бидний давтагдашгүй байдал нь өөрөө аврал, гарц, дэлхийд танигдах ялгарал юм ш дээ. Гэтэл одоо мотоциклоор малаа хариулдаг болж байна. Гялгар уутаар гэрээ бүрж эхэлж байна. Хөхүүрэнд биш химийн бодис хийдэг цэнхэр саванд айргаа бүлдэг болж...Монгол ахуй улам бүр алга болсоор... Хүмүүсийг чи музей шиг бай, чи 13-р зуун шигээ бай гээд шаардаад байх хэцүү. Морин хуур зөвхөн тайзны хөгжим биш айл гэр болгонд байдаг болох нь өөрөө тэр соёлын дархлаа юм.
-“Хүрээлэн”-ийн цаашдын төлөвлөгөө юу байна?
-Хэд хэдэн тусгай төсөл дээр ажиллаж байна. Зарлахад арай л эрт байна. Мэдээж цаад талд нь байх санхүүжилтын асуудал байна. Манай контентууд арилжааны бус учраас санхүүжилтээ түрүүлж бодож байх ёстой. Хийхийн тулд өөрөө асар их зардалтай. Одоо ямар ч байсан хоёр, гурван төсөл, баримтат кино бий. Түүнийгээ дуусгана.