Үүлэн чөлөөний энэхэн амьдралд
Өөрийгөө ч танилгүй төөрч явна уу
Өврөөс минь алдуурсан шувуухай минь чи
Үүрээ олохгүй нисэж л явна уу
Дурлал хайрын минь гэгээн аялгуу
Дуугий минь чи сонсож л яваа
Сэлүүн орчлонгийн наран дор
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа...
“Хаан найргийн хатан Дулмаа” ахайтны тэрлэж өгсөн энэхүү "хээнцэр" үгэн дээр аялгуу сийлж “Учирлын блюз” нэртэй дуугаа хөгжмийн зохиолч Б.Долгион гаргаж байж. Үеийн үед поп хөгжимд дурлагчдын, жазз, блюз сонсогчдын аманд аялагддаг энэ дуу бол түүний дотоод хүний илэрхийлэл биз.
Хөгжмийн зохиолч Б.Долгион энэ дуугаараа нэрлэсэн тоглолтоо өнгөрөгч амралтын өдрүүдөд зохион байгуулж, жинхэнэ сонгодог үдшийг үзэгч фэнүүдтэйгээ, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэв. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиуны удирдлага дор Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн амьд хөгжмийн хамтлаг тоглолтын турш хөгжимдөж, “4-iam” бүжгийн хамтлаг тоглолтын турш МУГЖ Б.Сарантуяа, С.Наран, филармоны гоцлол дуучин Н.Наранбаатар, Х.Отгоо, "Киви", "Сүнс", "Take Off", "Уруулын будаг"-ийн дуунууд дээр бүжгийн үзүүлбэр үзүүлж олны нүдийг хужирлав.
МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн тодорхойлсноор “хотын соёлыг харуулсан, сэхээтэнлэг хөгжмийн зохиолч бол Балчинжавын Долгион. Түүний хөгжим заавал үзэгчдийг байлдан дагуулаад зүрх рүү хүчээр тулгаад байдаггүй. Үзэгчид таалвал алга ташна, таалагдахгүй бол алга ташихгүй. Хээнцэр хөгжмийг бичдэг” аж.
Нээрэн л эрвээхэй зангиа зүүж, хослол өмссөн эсвэл эрээн алчуур цамцан дотроо зүүсэн түүнийг харахад ёстой л хотын соёл үнэртдэг. Угаас Дөчин мянгатад өссөн, унаган хотын иргэн тэрээр хотынхоо байр байдал, дүр төрхийг тодорхойлсон "Сэхүүн салхи", "Хүрээ хүүхнүүд" гэх мэт дуу олныг зохиосон байдаг.
Үнэндээ ч тэр сэхээтэнлэг гэр бүлд төрж өсчээ. Түүний аав Ч.Балчинжав нь гоё дуулдаг, шүлэг бичдэг яруу найрагч хүн байж. Тэрээр аавынхаа “Урин хавар ирлээ” шүлгээр нь аавдаа зориулан дуу хийж байж. Харин ээж Б.Долгорсүрэн бичгийн хүн. Насаараа бичиг хэргийн ажил эрхэлсэн. Мөн арван хурууны бичээч төдийгүй тухайн нийгмийнхээ сор болсон ёстой л “Хүрээ хүүхэн” байж.Тиймдээ ч хөгжмийн зохиолч Б.Долгион ээждээ зориулж “Хүрээ хүүхэн” дууг зохиосон байна. Энэ дуунуудаа түүхтэй нь хамт “Учирлын блюз”-ийн тайзан дээрээс тэр хамтлагийнхантайгаа хүргэв.
Түүний төрсөн дүү Б.Ангирмаа хөгжмийн зохиолч, продюессор, охин Д.Тэнгисмаа нь ч хөгжмийн зохиолч, найз нөхөд, эргэн тойрныхон нь дандаа л урлаг, соёлын ертөнцийнхөн...
Sixty-four. Энэ бол хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Балчинжавын Долгион гэх эрхмийн өнөө зооглож буй нас.
2004 онд өөрийнх нь шүтэн бишрэгч Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Стар “When i sexty four” нэртэй дуу гаргаж байхад нь “ямар өндөр нас вэ” хэмээн бодож явсан тэрээр өөрөө энэ насан дээр нь иржээ. Тиймээс ч “When i sexty four” дуунаас санаа авч дандаа өөдрөг сэтгэлтэй байя гэдэг зорилгын үүднээс, бусдад ч мөн өөдрөг байхыг уриалан "Өөдрөг сэтгэл" дуугаа зохиожээ. "Инээмсэглэлийн утга учир нь өөдрөг сэтгэл" хэмээн хөгжмийн зохиолч Б.Долгион "Учирлын блюз"-ийн тайзан дээрээс онцлов.
Залуу нас бид бүгдийг дайраад өнгөрдөг
Зай завсаргүй цаг хугацаа биднийг хөтлүүлдэг
Замын дундаас халтирч зарим нэг нь явдаг
Замбуулин хорвоо жамаараа өөрчлөгдөнө
Гэхдээ амьдралд өөдрөг явахын
Гэнэн багаас хичээсэн бид
Гэрэлт хорвоод жаргах тавлинг надад өгсөн...
Sixty four...
…
Хөгжмийн зохиолч Б.Долгион тоглолтын дундуур “Амьдрал найз дээр тогтдог гэдгийг би яс махаараа мэдэрч өдий хүрсэн хүн. Тиймээс ч би “Амьдрал найз дээр тогтдог” гэх дуугаа зохиосон. Амьдрал хайр тогтдог гэж үнэн. Бас найз дээр тогтдог” гэсэн юм. Үнэндээ ч түүний амьдрал найз дээр тогтоэж ирсэн бололтой. Одоогоос 50 жилийн өмнө “Инээмсэглэл” гэх хамтлагийг байгуулж, өнөөдөр ч тэд хамтлагаараа уран бүтээлээ туурвисаар, олон түмнээ баясгасаар яваа аж. “Инээмсэглэл” хамтлагийн гоцлол дуучин Ч.Ганболд 9-р анги, ахлагч Б.Долгион 8-р анги, Н.Ганхуяг 6-р анги, Энхсайхан/тэнгэрт байгаа/ 9-р ангид байхдаа хамтлагаа байгуулж байжээ. Тэд өнөө ч хамтаараа олон түүхийг бүтээсээр, энэ удаад ч мөн "Учирлын блюз"-ийн тайзан дээр хамтлагаараа...
Олон жилийн тэртээ хүүхэд байхдаа
Бид танилцаж найз болсон
Олон жилийн тэртээ сурагч байхдаа
Дэлгэр талд гол орж суусан
Амьдрал хайр дээр тогтдог гэж үнэн
Амьдрал найз дээр тогтдог гэж бас үнэн.../"Амьдрал найз дээр тогтдог" дууны хэсгээс.../
Мөн энэ үдэш түүний “Ахмадын золбоо” хамтлагийн андууд нь болох гавъяат таван хөгжмийн зохиолч Л.Балжав, И. Болоож, Г.Жаргалсайхан/том Жагаа/, Г.Пүрэвдорж нар нь ч байлцаж, өөр өөрийн өнгөөр дуулж олныг баясгасан билээ.