Эрүүл, гэрэлтсэн толигор арьстай байхыг хүсдэггүй бүсгүй ховор шүү дээ. Өнгөлөг, батгагүй, толбогүй сайхан арьстай байхын тулд нүүрэндээ болон үсэндээ түрхэж хэрэглэж буй бүтээгдэхүүнээс гадна идэж буй зүйлдээ ч анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийн мөртлөө мартаж болохгүй дүрэм бол нүүрнийхээ будагтай хэзээ ч унтаж болохгүй юм. The Guardian-ын зөвлөгөө буланд арьсаа өнгөлөг сайхан байлгах таван дүрмийг нийтэлжээ.
Чийгшүүл, чийгшүүл, бас дахин чийгшүүл
Сассексын арьс гоо заслын эмч Бав Шергиллийн хэлснээр түүний өвчтнүүдийн ихэнх нь тослог арьстай учраас батга их гардаг, тиймээс нэмж чийгшүүлж тослогтуулах шаардлагагүй гэж боддог тухай ярьжээ. Гэхдээ хэрвээ та тослог арьстай бол тогтмол гуужуулж байвал тослог байхаа болино. Харин энэ үед чийгшүүлж, чийгшлийг нь сайн хадгалах хэрэгтэй.
Арьсны нүхээ бөглөж болохгүй
Хэрэв та нарнаас хамгаалах тос, крем пудр өдөр бүр хэрэглэдэг бол тосон суурьтай биш, арьсны нүх сүвийг бөглөхөөргүй усан суурьтай бүтээгдэхүүн сонгоорой. Мэдээж хэрэг та хэзээ ч арьсныхаа нүхийг бөглөсөн будагтайгаа нойрсож болохгүй. Түүнчлэн зөвхөн нүүрний арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна үс арчилгааны бүтээгдэхүүн ч бас таны нүүрэнд батга гарахад хувь нэмрээ оруулдаг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн наргил модны самрын тос зэрэг гүн бүтэцтэй тос үсэндээ түрхсэн бол унтахаасаа өмнө заавал угааж байх хэрэгтэй.
Нянгийн эсрэг бүтээгдэхүүн ашиглах
Хүмүүс батгыг халдвартай гэж үздэг ч бас үгүй. Арьсан дээр нян, бохирдол ихэссэн үед батга гардаг. Таны бие махбодь тэдгээр хорт нянтай тэмцэхийн тулд улаан булдруу болж эсрэг урвал үзүүлдэг нь батга юм. Наад зах нь арав хоног арьсан дээр товойх батгыг эмчлэхийн тулд цайны модны тос үр дүнтэй арга гэдгийг арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна.
Арьсандаа эелдаг хандах хэрэгтэй
Батгыг хэзээ ч хүчээр шахаж болохгүй ажээ. Шахсан батганы араас арьс төлжих нь удаан тул сорви тогтох эрсдэлтэй.
Чихэрнээс татгалзах
Эрүүл сайхан арьстай байхын тулд цусан дахь инсулины хэмжээг нэмэх чихэрлэг амттан, бялуунаас татгалзах хэрэгтэй. Хэрэв та чихэр ихээр агуулсан амттан идээд байвал арьсны тослогийг нэмдэг. Үүний оронд чихэр багатай, түргэн шингэдэг эрүүл хүнс сонговол арьсанд ба биед тань эерэг нөлөө гарах болно.
Эх сурвалж: www.theguardian.com