"Хүннү эйр" компанийн ажилтан О.Мэргэншагай 10-р сарын 14-нд онгоц хучиж байхдаа хөдөлмөр, аюулгүй байдлын дүрэм алдсанаас унаж осолдсон хэрэг гарсан билээ. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч ухаан орохгүй байгаа бөгөөд биеийн байдал нь улам муудаж байгааг түүний ах О.Совд хэллээ.
Тэрээр,
-Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас үүдэн хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал, ЗТХЯ зэрэг холбогдох төр засгийн байгууллага, удирдлагууд ослыг нуун дарагдуулж, осол болоогүй мэтээр мэдэгдэл, тайлбар хийж байгаа нь ёсзүйгүй үйлдэл.
Олон улсын стандартаар "онгоц хучих" нь хууль бус ажил бөгөөд онгоцыг хучих бус заавал ангар/гарааш/-т хийх ёстой ажээ. Гэвч ийн хууль бус ажил хийлгэснээс гадна зориулалтын бус зөөврийн машинаар ачаа зөөлгөдөг байжээ.
Гэвч үүнээс нь болж хүний амь үрэгдэх дээрээ тулж байхад юу ч болоогүй мэт сар гаруй хугацааг өнгөрүүлсэнд гомдолтой байна.
Улмаар осол болсон газарт үзлэг хийсэн цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд нь ч үл хайхран ажилдаа хайнга хандсан. Хамгийн ноцтой нь анхны үзлэг хийсэн эмч нь өндрөөс унаж ухаан алдаж, асар хүнд бэртэл авсан хүнийг "зүгээр байна босооч чи" гэж сэгсрээд юу ч болоогүй мэт яваад өгсөн. Үүнээс нь болж хагалгаанд орж чадалгүй хугацаа алдсан. Улмаар тархины хүнд бэртэлтэй хүнийг автобусаар зөөж эмнэлэгт хүргэсэн нь биеийг нь улам муутгасан гэдгийг хэллээ.
Сар гаруйн хугацаа өнгөрсөн ч осол болсныг мэдэгдэхгүйн дээр хохирогчдоос ганц ч удаа мэдүүлэг авахгүй байгаа ажээ. Тиймээс иргэн Совд дүүгээ эрүүл болгож өгөхийг холбогдох эрх мэдэлтнүүдээс шаардлаа.
Мөн тэрээр цаашид дүүгийнхээ ослын асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө боломжтой бүх нөхцөлөөр тэмцэх болно гэдгээ хэллээ.