Австрали улсад ассан ойн түймэр гамшгийн түвшинд хүрч, Сидней зэрэг томоохон хотуудад иргэдийн эзэмшил, амь насанд аюул занал учруулж байгааг эрх баригчид анхаарууллаа. Ойн түймрийн улмаас гурван хүн амиа алдаж, олон мянган иргэнийг урьдчилан сэргийлж гурав хоногийн турш нүүлгэн шилжүүлжэээ.
Шинэ Өмнөд Уэльс, Күйнслэнд мужуудад онц байдал зарлалаа. Эдгээр мужуудад 120 гаруй ойн түймэр асч байна. Иргэдийг нэн даруй нүүж, орогнох байруудад хандахыг уриалж байгаа юм.
Ерөнхий сайд Скотт Моррисон түймэрт амиа алдсан иргэд болон тэдний гэр бүлийнхэнд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.
Сидней метрополис хотын хүн ам шигүү суурьшсан хойд хэсэгт ойн түймрийн гамшгийн түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна. Сиднейгээс Брисбэний ойролцоох Алтан Эрэг хүртэл 1,000 км-т түймэр шатжээ.
Энэ долоо хоногийн мягмар гарагт агаарын температур цельсийн +37 хэмд хүрч, баасан гараг гэхэд нөхцөл байдал улам хүндрэхийг цаг уур судлаачид анхааруулжээ. Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсэр даяар олон нийтийн барилга байгууламж, олон арван сургуулийг үүд хаалгаа барихыг шаардсан байна.
Шинэ Зеландын гал сөнөөгчид туслахаар Австралид иржээ. Онц байдал зарласан мужуудад 1,300 гаруй гал сөнөөгч, олон зуун сайн дурын иргэн галыг унтраахаар тэмцэж байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэж түймрийн аюул өргөн хүрээг хамарч байгаа эсэхийг тодорхой хэлэх боломжгүй ч хуурай цаг агаар түймрийг өрдөж байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: www.bbc.com