Хонконгийн Цуэн Ван цагдаагийн газарт үл таних дөрвөн хүнд хүчирхийлүүлсэн 18 настай коллежийн оюутан гомдол гаргасан гэдгийг эх сурвалжууд баталжээ.
Цагдаагийн албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр хохирогч гэж үзээд буй эмэгтэй өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Цуэн Ван цагдаагийн газарт багтай дөрвөн этгээдэд хүчирхийлүүлсэн ба аравдугаар сарын 22-ны өдөр гомдлоо гаргасан байна. Мөн хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд анхан шатны мөрдлөгөөр хохирогчийн гаргасан гомдолтой мөрдлөгийн явцад гарсан дүн шинжилгээ таарч тохирохгүй байгаа гэжээ.
Оюутан эмэгтэй хүчирхийлүүлснийхээ дараа аравдугаар сарын дундуур эмнэлгийн үзлэгт орохдоо бие давхар гэдгээ мэдсэн ба өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хатан Элизабетийн эмнэлэгт үр хөндүүлсэн байна. Хонконгийн эрүүл мэндийн газраас өвчтний хувийн нууцыг хамгаалах дүрэм журамтай холбогдуулан энэ талаар ямар ч мэдээл өгөх боломжгүй гэдгээ тайлбарлажээ.
Apple Daily хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар хохирогч оюутан есдүгээр сарын дундуур Хонконгт жагсаал гарч байх үед ямар нэг хар өнгийн хувцас өмсөөгүй, жагсаалд нэгдээгүй гудамжаар алхаж байхдаа баривчлагдсан байна. Түүнийг цагдаагийн газарт аваачиж хүчирхийлсэн дөрвөн этгээд нүүрэндээ багтай байсан гэжээ. Зарим эх сурвалж охиныг хүчирхийлсэн байж болзошгүй сэжигтнүүдийн дунд жагсагчид багтсан тухай дамжуулав.
Бусад эх сурвалжуудын дамжуулж байгаагаар эмэгтэй Цуэн Ван цагдаагийн газар баривчлагдаж ирэхдээ ДНХ шинжилгээ өгөхөд бие давхар байгаагүй гэв. Мөн цагдаа нарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн насыг 16 хэмээн хуурамч мэдээлэл тарааж байгааг анхааруулсан байна.
KBS News-ийн мэдээлснээр Хонконгийн оюутан амиа алдсан болон оюутан охиныг хүчирхийлсэн хэргүүд ар араасаа гарсан тул өнөөдөр буюу даваа гарагаас эхлэн оюутан сурагчид гурав хоногийн турш хичээлээ орхиж, иргэд ажил хаялт зарлана гэж мэдэгджээ.
Мөн өчигдөр болсон Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн ажилтан гурван ч удаа гал нээж, нэг жагсагч бэртэж гэмтсэн тухай мэдээлэл олон улсын эх сурвалжуудаар тарж байна. Жагсагчид цагдаа нар луу “алуурчид” хэмээн хашгарч уур бухимдлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.scmp.com, news.kbs.co.kr