"Амар", "Кентавр", "Орентал" зочид буудлууд болон "Юнион бьюлдинг" оффист байрлаж байсан 800 орчим БНХАУ-ын иргэнийг цагдаа, тагнуулыг албан хаагчид баривчлах үед тэдний биеэс 10 мянга орчим гар утас илэрсэн билээ. Хятадын иргэдээс хураан авсан тэрхүү 10 мянга гаруй утсыг ГЕГ-ын дарга Б.Асралтын өгсөн үүрэг даалгаврын дагуу Зам-Үүд дэх гаалиар ямар ч татвар, хураамжгүйгээр Монгол Улс руу оруулсан гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм.
Энэ дагуу бид Б.Асралт даргатай утсаар холбогдож, яагаад тийм олон утсыг гаалийн татвараас чөлөөлсөн юм бэ хэмээн асуухад “Би яалаа гэж тийм тушаал өгөх вэ дээ. Тэгэх шалтгаан ч байхгүй. Тэгээд ч энэ асуудлыг хуулийн байгуулага нь шалгаж байгаа” гэж хэлээд утсаа тасаллаа.
Б.Асралт нь Ерөнхий сайд Сү.Батболдын туслахаар өмнө ажиллаж байгаад "Стар" телевизийн гүйцэтгэх захирал болж байсан юм. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулангуут тэрбээр 2016 оны наймдугаар сарын 10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга гэх өндөр албан тушаалд шууд томилогдон очсон юм.