LIVE: Монголбанк, СЗХ-ны удирдлагыг огцруулах асуудал дээр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

МУ CONTENT

Шинэ мэдээ

Видео мэдээ, Эдийн засаг

LIVE: Монголбанк, СЗХ-ны удирдлагыг огцруулах асуудал дээр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

 

Монгол улс Саарал жагсаалтад орсонтой холбогдуулж, Монгол улсын Их хурлын даргаас Санхүүгийн зохицуулах хорооны даргатай хариуцлага тооцож, огцруулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд тавьсан. Харин Байнгын хорооны хурлын өмнө С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн юм. Байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд, гишүүдийн олонх нь СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн огцрох өргөдлийг дэмжсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцлээ. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Саарал жагсаалтад орсон асуудлуудын хамгийн их нь ХЗДХЯ-нд харьяалагдаж байгаа. Ц.Нямдорж сайдтай хариуцлага тооцохгүй юм уу? Ирэх долоо хоногт Саарал жагсаалтаар хаалттай хуралдах юм байна. Энэ хурал дээр ЖДҮ-ийн зээлээр мөнгө угаасан найман УИХ-ын гишүүний асуудлыг ярих уу? 

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: 

-СЗХ-ны дарга өөрийн хүсэлтээр огцорсон. Гэтэл эзэнгүй байгууллагын даргыг бид огцруулахаар чуулаад байна. Энэ хууль зөрчихгүй юу? 2016 онд үүсээд байсан эдийн засгийн хүндрэлтэй асуудлаас гарахын тулд нойр, хоолгүй зүтгэж байсан хүмүүсийг өнөөдөр огцруулах гэж байгаад харамсаж байна. Саарал жагсаалтын асуудлаа шийдчихээд, эдгээр хүмүүст хариуцлага тооцох зөв биш үү? 

 

УИХ-ын гишүүн А.Ундраа: 

-СЗХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллагын даргыг дангаар нь огцруулахыг би буруу гэж бодож байна. Тоо худал хэлдэггүй. ББСБ-ын салбар өсөлттэй гарсан. Ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөс өөр аргагүй болгож, шахалт үзүүлсэн гэж би үзэж байна. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

-СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн өргөдөлд "FATF-аас Монгол улсад өгсөн дөрвөн үнэлгээнд СЗХ-той холбоотой нэг ч асуудал байхгүй" гэсэн байна. Шахалт үзүүлж, ажлыг нь өгүүлсэн байна. Ирэх долоо хоногт удирдлагуудыг нь байлцуулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Санхүүгийн олон холбоодоос С.Даваасүрэнтэй холбоотой санал гомдол удаа дараа ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй байсаар санхүүгийн асуудлыг хүндрүүлсэн гэсэн шүүмжлэл зарим гишүүн ярьсан. Өөрөө өргөдлөө өгсөн бол хэлэлцэж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хуулийн дагуу явж байгаа. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Монголбанк, СЗХ-ны даргын асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авмаар байна гэсний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг хойшлуулахаар алх тогшлоо.  

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх