Австрали улсын цагдаа нар хүн ам ихтэй томоохон мужид өнгөрсөн гурван жилийн турш сургуулийн насны зуу гаруй охиныг мөрдөн байцаах, нэгжих үедээ бүрэн нүцгэлснийг ашгийн бус байгууллага судалж тогтоосон байна. Эдгээр сургуулийн насны охидын дунд 12 настай хүүхдүүд ч байжээ.
Рэдфэрн хуулийн төв нэртэй ашгийн бус нийгэмлэгээс дээрх мэдээллийг өгсөн ба Шинэ Өмнөд Уэльс мужийн нутаг дэвсгэрт 2016-2019 оны хооронд 12-17 настай 122 охин цагдаа нарт шалгуулахдаа нүцгэлж байсан гэв. Үүнд 12 настай хоёр, 13 настай найм, 14 настай долоон охин багтсан байна.
Түүнчлэн насанд хүрсэн болон насанд хүрээгүй 4,000 гаруй охин, эмэгтэйд нэгжлэг хийх үеэр цагдаа нар нүцгэлсний ихэнх шалтгаан нь биедээ мансууруулах бодис авч явж байж болзошгүй тул ийм үйлдэл гаргасан хэмээн эх сурвалжид мэдээлжээ.
Хэрэв шаардлагатай бөгөөд сэжигтэй гэж үзвэл цагдаагийн байгууллага хуулийн дагуу тухайн иргэний хувцсыг бүрэн тайлах эрхтэй аж. Харин 10-18 настай хүүхдүүд асран хамгаалагчтай эсэх, хэн нэг гадны хүн ажиглаж буй эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй юм байна.
Эрх баригчдын хувьд харилцан адилгүй байр сууриа илэрхийлжээ. Зарим нь цагдаагийн үйлдлийг зөвтгөж байгаа бол охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид үүнийг хуулиар хориглох хэрэгтэй гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com