Ашигт малтмалын тухай хууль /АМТХ/-ийн зарим заалтыг ҮХЦ-ээс хүчингүй болгосноор 2020 оны төсөв 1.3 их наядаар тасарна гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Мөн АМТХ-ийн өнгөрсөн 3 сарын өөрчлөлт аж ахуйн нэгжүүдэд огт дарамт болохгүй гэж мэдэгдсэн.
Харин түүний энэ мэдэгдлийг Уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос үгүйсгэж, "Сангийн сайд улс төржиж байна" гэж үзэж байна.
Тэд АМТХ-ийн өөрчлөлт нь олон аж ахуйн нэгжийг татварын дарамтанд оруулж, дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх, олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэнэ гэж үзэж байна. Учир нь АМНАТ-аас гадна давхар давхар татварыг боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс авч байна. Ингэснээр төмрийн хүдэр боловсруулагчид л гэхэд ямар ч ашиггүй ажиллах нөхцөл бүрдэж байна гэлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ, АМНАТ-ийг андуурч хольж ярьж байна гэлээ. Учир нь Сангийн сайд мэдээлэл хийхдээ боловсруулагч компаниуд татварын буцаан олголтоо авч байгаа учир ямар ч хохирол амсахгүй, ачаалал болохгүй гэж мэдэгдсэн.
Гэвч ААН-үүд НӨАТ-ын буцаан олголт авдаг болохоос биш АМНАТ-тай огт холбоогүй ажээ. Харин ч АМНАТ-ыг авахдаа бүр давхардууж авах нөхцөл үүссэн гэж тэд үзэж байна. Тиймээс иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл хийж сонгуульд зориулсан төсвөө бүрдүүлэхийн тулд ААН-үүдийг дарамтлахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийллээ.
Мэн тэд УИХ, Засгийн газарт захидал илгээсэн юм.