Италийн Турин хотын Сэнт Анна эмнэлэгт нарны туяаг шууд тусгаж болохгүй ховор арьсны эмгэг өвчтэй нярай мэндэлжээ. Гэвч түүнийг төрүүлсэн эх нь эмнэлэгт орхин зугтсан байна.
Ердөө дөрвөн сартай Жиованнино нь Арлекино Ихтиоз буюу арьс хуурайшиж зузаарч, загасны хайрс шиг болдог ховор өвчтэй. Эмнэлгийн ажилтнууд түүнийг өнгөрсөн наймдугаар сард төрснөөс нь хойш асарч халамжилсан ч ойрын хугацаанд нэн даруй эмнэлгийг орхих шаардлагатай болжээ.
Эцэг эх нь яагаад эмнэлэгтэй эргэн холбоо тогтоож, хүүхдээ сураглалгүй зугтаасан нь тодорхойгүй гэж тус эмнэлгийн сувилагч нарын нэг ярьжээ. Жиованнино хүүд албан ёсны асран халамжлагч гарч ирээгүй учир өрөөнөөс өрөөнд, корридороос корридорт аль тааралдсан газартаа байдаг байна. Сувилагч нар түүнийг өөрийн гэсэн өрөөтэй болоосой хэмээн мөрөөддөг аж.
Орон нутгийн эрх баригчид уг хэргийг анхааралдаа авч нярайн эцэг эхэд хариуцлага тооцохоо мэдэгджээ. Жиованниногийн биеийн байдал хэвийн бус тусгай арчилгаа халамж шаардлагатай учраас түр байлгах газар олоход ч хүндрэлтэй байгаа ажээ.
Арьсны эмгэг өвчнөөс нь шалтгаалж наранд ил гаргахгүй байх, өдөрт хэд хэдэн удаа чийгшүүлж, зөөлрүүлэх эмчилгээ хийдэг байна. Гэвч бяцхан хүү сайхан инээмсэглэдэг, хэн нэгэн түүнтэй хамт байж хөгжим сонсгоход дуртай байдаг гэжээ. Энэ тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан даруйд хүүг өргөж авах хүсэлтэй хэд хэдэн хүмүүс холбогдсон байна.
Арлекино Ихтиоз нь сая хүн тутамд ганц тохидог генийн гажгаас үүдэлтэй арьсны эмгэг өвчин юм. Шинээр арьс хурдан төлждөг ч хуучин арьсны давхарга гуужилгүй уддаг тул арьс зузаардаг. Ийм өвчний шинж тэмдэг нярайг дөнгөж мэндлэхэд, аль эсвэл ой хүртэл хугацаанд илэрдэг байна.
Эх сурвалж: www.bbc.com